Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хураалгаж эхлэхэд эхний дөрөв нь олонхийн дэмжлэг авч чадалгүй, унасан юм. Гаргасан саналууд нь олонхийн дэмжлэг авч чадаагүй тул анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор дахин хийх саналыг Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гаргаж, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийг хойшлуулахыг хүслээ. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр уг төслийг Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт дахин шилжүүллээ.
Ажлын хэсгээс нийслэл хотын нутаг дэвсгэрээс бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, үйлчлүүлсэн зочид буудал, амралтын газар, баар, рестораны үйлчилгээнд хотын албан татвар ногдуулж, татварын хэмжээ нь 0-1 хувь байхаар санал оруулж ирсэн юм. Энэ өдөр Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр Р.Амаржаргал гишүүн “Энэхүү бодлогын баримт бичгийн төсөл хэр үндэслэлтэй вэ. Үүсээд буй бодит нөхцөл байдлыг илэрхийлж чадаж байна уу. Тийм бол цаашид авах арга хэмжээнүүдээ зөв тодорхойлж чадсан уу.
Макро түвшинд үүссэн нөхцөл байдал микро түвшинд нөлөөлж байгаад Монголбанк хариуцлага хүлээдэггүй юм уу. Хариуцлага хүлээлгэх цаг нь болсон юм биш үү” хэмээхэд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Үндсэн чиглэлийн төслийг төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөлөлтэй хамт боловсруулсан учраас тооцоо, судалгааны хувьд төсөв, санхүүгийн байдалтай уялдсан. Мөн ирэх баасан гаригт Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх тул гишүүд тодорхой мэдээлэл авах боломжтой” гэж хариулав.
Түүнчлэн Х.Болорчулуун гишүүн намуудын мөрийн хөтөлбөрийг хэр тусгасан талаар тодруулж байсан бол Ө.Энхтүвшин, С.Ганбаатар нарын гишүүн энэ төсөл бодлогын уялдаагүй нь ОУВС-гийн хөтөлбөр санал болгох үндэс болж байна гэж байлаа. Үүнд С.Баярцогт “Энэхүү төсөл олон баримт бичигт суурилж байгаа учир намуудын мөрийн хөтөлбөрийн зорилтууд тусгалаа олсон гэж хэлж болно. 2008 оны хямралын үед улс төрийн зөвшилцөл хийж чадсанаар богино хугацаанд даван туулж чадсан. ОУВС-гийн хөтөлбөр бол бодлогын нэг сонголт. Энэ сонголтыг Засгийн газар хийх боломжтой” гэв.
Үүнээс гадна Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар нар үндсэн чиглэлийн төсөл боловсруулахад мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой байгууллага нь оролцоогүйд гайхаж, бас харамсаж буйгаа илэрхийлсэн. Төсөл боловсруулахад оролцоог үй шалтгааныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Монголбанк 2016 он дуусталх мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулчихсан. Мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн тул энэ удаагийн төслийг боловсруулахад оролцоогүй” хэмээн тайлбарлав.
Ингээд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Б.УРАН