“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах” журмын дагуу зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ээлжит хурлаар авто замд сэтэлгээ хийх “Санконстракшн”, “Monhouse”, “Victorycenter”, “Monland” зэрэг 12 компани зам түр хаах зөвшөөрөл хүссэн байна.
Хүсэлтийг хэлэлцээд дур мэдэн авто зам сэтэлж, цахилгааны утас, цэвэр, бохир усны шугам гэмтээн нийслэлийн иргэдийг хохироож байгаа компаниудад зөвшөөрөл өгөхгүй гэдгээ мэдэгдлээ. Зам сэтлээд нөхөн сэргээлт хийгээгүй, шинээр зассан зам, тохижилтын ажлыг эвдсэн газруудад мэргэжлийн хяналтын байгууллагаас торгууль ногдуулдаг.
Торгуулиа төлж, нөхөн сэргээлтийн мөнгөө дансанд байршуулсных нь дараа зөвшөөрөл олгох бөгөөд хугацаатай үүрэг өгч, дараагийн хурлаар хэлэлцэн батлахаар болов.