Уруул гэж гоё эрхтэн бий. Бүсгүй хүний чухал чимэг болсон уруулын хэлбэр нь эзнийхээ зан аашийг тодорхойлдог аж. Таны уруул юу ярьж байгааг сонсъё.
Бамбагар уруул-"Ямар ч хамаагүй аргаар өөрийнх болгоно"
Дээд, доод уруул зузаан хэрнээ өргөн бол ихэвчлэн бамбагар гэж тодорхойлдог. Мэргэжилтнүүд үүнийг дүүрэн уруул гэх нь бий. Уруулын хэлбэр ийм бол ихэвчлэн аз турших дуртай, мөрийтэй тоглоомонд дурладаг зантай. Зузаан бамбагар уруултай бүсгүйчүүд авахыг хүссэн зүйлээ ямар ч аргаар хамаагүй өөрийн болгож байж санаа амардаг. Хэн нэгний халаасанд орно уу, ямар нэгэн эрсдэл гарах уу, хүн гомдоох уу гэдэг нь тэдэнд гол асуудал биш. Чухал нь л өөрийн болгох. Тийнхүү авахаар тэчъяадан зүтгэж байгаа зүйл нь эд бараа ч байж болно, бүр эрэгтэй хүн ч байж болно.
Тэд ихэвчлэн “хөл нүцгэн” буюу тачир амьдралтай, эсвэл тийм гаралтай байдаг ч, маш их эрч хүчтэй. Эрчүүдтэй харилцахдаа хүлээхээс илүүтэйгээр өөрөө эхэлж өдөж, утасдаж, болзох санал тавихаас сийхгүй. Энэ тал дээр санаачилгыг гартаа авдаг гэсэн үг. Бамбагар уруултай бүсгүйчүүд өөрт хэрэгцээтэйг өөрөө олж авах ёстой гэдэг зарчимтай бөгөөд “Одоо биш бол хэзээ ч биш” гэж үздэг. Байгаль тэднийг ийм өгөгдөлтэй заяасан гэнэ. Түүний амьдралд үргэлж сонирхолтой зүйл тохиолддог. Уйтгартай байна гэдгийг тэр мэдэхгүй, бүр ойлгодоггүй. “Бамбагар” бүсгүй өөрийн эрх чөлөө, дураараа байдлыг нэн түрүүнд эрхэмлэдэг. Хамтран амьдрагч, эсвэл найз залуугаасаа ч эрх чөлөөтэй, дураараа байлгахыг шаардана. Тэдэнд өөр шиг нь азаа үзэх дуртай, нууц амраг байж чаддаг, шийдэмгий эрчүүд таалагддаг. Харин энхрий, нялцгай “ээжийн хүү”-г тэд хэзээ ч сонгохгүй.
Бумбагар уруул-"Романтик"
Дээд, доод уруул дүүрэн хэрнээ өргөн биш бол бумбагар хэлбэрт орно. Ийм бүсгүйчүүд их романтик, мөрөөдөмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг. Тэд аливаад сэтгэл хөдлөлөөрөө ханддаг. Сэтгэл судлаачдын зүйрлэж хэлснээр багад нь савлуур дээр суулгаж орхиод буулгахаа мартчихсан бололтой. Түүний амьдрал хөөрч л байдаг, унаж л байдаг. Овон товонтой гэсэн үг.
Бумбагаруудыг харахад заримдаа “Чип, Дейли” хүүхэлдэйн кино санаанд буух нь бий. Учир нь тэд хэн нэгэнд туслахаар яардаг жирхнүүдийг санагдуулна. Мөн ийм уруултай бүсгүйчүүдийн нулимс үргэлж бэлэн явдаг, өрөвч. Усан нүдэн гүнжүүд ихэвчлэн эгдүүтэй, хөөрхөн. Ямар нэгэн асуудал тулгарвал хэр ноцтой болон ямар урхаг, учиртайг нь мэдэхийн төлөө онгичиж, уудлахын оронд зүгээр л нүдээ аниад мэдээгүй мэт өнгөрөхийг хүсдэг бөгөөд өөрийгөө ингэж хуурч санаагаа амраадаг.
Тэрбээр яг ямар эр хүн хүсээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй. Түүний сэтгэлд “ургасан” эр нь ном зохиолын баатар, эсвэл сэтгүүлийн нүүр чимсэн гоё залуучуудын холимог байдаг. Тэдний гэнэн занг эрчүүд үнэндээ бол худлаа, дүр эсгэж байна гэж хардаг. Энэ утгаараа бумбагар уруулт бүсгүй минь эрчүүд өөрийг чинь хөөрхөн бялуу л гэж хардгийг мэдэхэд илүүдэхгүй учраас болгоомжтой байх хэрэгтэй.
Дээд уруул нь доод талынхаасаа арай зузаан-"Захирч, тушаах дуртай"
Ийм уруултай бүсгүйчүүд аливаад мэдрэмжтэй, цэгцтэй, зохион байгуулагч байдаг. Ямар ч зүйлийг задлан бодож, дүгнэлт хийдэг. Тэд юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Хөдлөхөөсөө өмнө сайтар бодож тунгаагаад, өөртөө итгэлтэй байгаа үедээ л шийдвэр гаргадаг. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим бол түүний төрөлхийн занд яг тохирно. Тэд “Бүгдийг биш бол хэрэггүй” гэсэн зарчимтай. Дээд уруул нь доод талынхаасаа зузаан байх нь тууштай зангийн илрэл гэнэ. Ийм эмэгтэйчүүд замын голоос буцаж, няцаж, шантардаг хүнд дургүй.
Ямар ч ажлын ард амжилттай гардаг нь тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлж чаддагтай нь холбоотой. Тэдэнд байгалиас заяасан тэргүүлэгч шинж чанар байдаг. Тиймээс бусдыг дагуулах чадвартай. Ийм бүсгүйчүүдийн сонгосон эрчүүд ихэвчлэн өөртэй нь адилхан амбийцтай, сайн хамтрагч, дэмжигч байж чаддаг. Гэхдээ тэд харилцаагаа удаан үргэлжлүүлэхийг хүсвэл харилцан буулт хийж сурах ёстой.
Доод уруул нь дээд талынхаасаа зузаан-"Нууцлаг нэгэн"
Тун нууцлаг бүсгүй юм. Ийм уруултай эмэгтэйчүүд бусдын нүднээс далд байхыг хүсдэг ч олны анхаарлыг үргэлж татдаг. Нуугдсан ч “баригдана” гэсэн үг. Яагаад ч юм бэ, тэдэнд хүмүүс атаархдаг. Эрчүүд түүнийг нууцхан гунигтайгаар харж явдаг бол, эмэгтэйчүүд болохоор шалтгаангүйгээр муулж, хорсдог. Энэ бол маш их атаархлын шинж. Ямар ч гэмгүй мөртлөө бусдын нүдний хорыг ингэж авч байгаадаа тэд айдаг учраас олны хараанд өртөхгүй даруухан хувцаслахыг эрмэлздэг.
Тэд маш өндөр мэдрэмжтэй бөгөөд энэ нь байгалиас заяасан онцгой зүйл нь. Түүнд ямар эр хүн хэрэгтэйг маш сайн мэддэг. Тийм хүнийг хайж, цаг хугацаа урсан одохыг ч анзаардаггүй. Нууцлаг бүсгүйд эрчүүд анхны харцаараа л татагддаг. Гэхдээ үргэлж эрчүүдийн анхааралд байдаг ч, ийм бүсгүйчүүд бодит харилцаа үүсгэх тал дээр ихэнхдээ амжилт олдоггүй. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг үг тохирох мэт.
Нимгэн, урт уруул-"Бодитой"
Ийм уруултай эмэгтэйчүүд үргэлж хөл дээрээ бат зогсдог. Бодит байдлыг үнэлж, аливаад үнэн бодитоор хандаж чаддаг. Тэд бүхнийг, бараг алхам бүрээ төлөвлөж, урьдчилан тооцдог. Жишээ нь, шинэ жилээр өгөх бэлгээ намрын хямдралаар авч, хадгалдах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгийг тооцдог. Хол газар явах бол эртнээс хувцас хунар, чемодан саваа бэлтгэж эхэлдэг. Үргэлж цаг агаарын мэдээ сонсож, орчноо ажиглах зэргээр тун ул суурьтай ханддаг. Заримдаа залуу хүнд тохирохгүй хөгшин зантай санагдах нь бий. Урт, нимгэн уруулт бүсгүйчүүд сэтгэл хөдлөлөө олны өмнө гаргахыг хүсдэггүй, харин ч хүйтэн хөндий сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг.
Ерөнхийдөө хаалттай, бардам зантай. Гэхдээ өнгөц харсан ийм дүгнэлт амьдралд зөрдөг. Тэр дургүйдээ сэтгэлээ нээдэггүй биш, тэгж чаддаггүйдээ учир нь байдаг гэнэ. Ийм уруултай бүсгүй тогтвортой байдлыг илүүд үздэг, амьдралд бүх зүйл нь хичээл зүтгэлээр нь явна гэдэгт итгэдэг. Түүний мөрөөдлийн залуу нь романтик, мөрөөдөмтгий биш байсан ч хамаагүй, өөрийнх нь төлөө ухаангүй зүйл хийхээр гал халуун дурлалтай биш байсан ч хамаагүй. Хамгийн гол нь итгэл хүлээх чадвартай, найдвартай байхад л болно гэж үздэг.
Нимгэн, жижиг уруул-"Адал явдлын хайгуулч"
Ийм уруултай эмэгтэйчүүдийг балмад гэж тодорхойлж болно гэж сэтгэл судлаачид дүгнэжээ. Далай хүртэл түүний өмнө “сөгдөнө” гэчихвэл ер нь ямархан эмэгтэй болох нь тодорхой. Түүнийг нэг хүнээр төлөөлүүлэн хэлэхэд бэрх. Дотор 3-4 хүн байдаг мэт олон янзын зантайн дээр хүч чадалтай. Нэг байрандаа суугаад байж чаддаггүй хөдөлгөөнтэй. Түүнийг Африкт заан маллаж байна, цаст уулын оргилд гарчээ гэхэд гайхах зүйлгүй. Тэрбээр жижиг хүрээний юм сонирхдог “бага хөзөр” биш.
Жижиг, нимгэн уруулт бүсгүйчүүд өөртөө дэндүү итгэлтэй байдаг учраас адал явдалд дуртай, түүнийг эрэн хайгч, эр зоригийн спортод дуртай, үргэлж адреналин ялгаруулах ажил хийхээс татгалзахгүй. Өнгөөр илэрхийлбэл хар сааралдуу. Бусдын татгалзсан ажлыг тэр хийнэ л гэж гүрийнэ. Жинхэнэ тэмцэгч, тулаанч зантай аж. Тэднээс заримдаа эрчүүд ч айдаг. Түүнд хань болох эрэгтэй өөртэй нь нэлээд төстэй зантай байж л хамтын амьдрал үргэлжилнэ. Эс бөгөөс түүний дэргэд тогтож, пянг нь даах эр хүн ховор.