Хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр дахиад ял шийтгүүлэхэд хүрчээ. Түүнд холбогдох хэрэгт Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлснийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр товложээ. Баавар өмнө нь хар тамхины болон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан хэрэгт холбогдож байсан юм. Харин энэ удаа тэрбээр цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр шүүхийн хаалга татаж байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Говьсүмбэр аймагт нээгдсэн “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн дүүгийн рестораны нээлтийн ёслолын үеэр Ш.Батбаяраас гадна “Айс топ” хамтлагийн залуус, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Бадрал зэрэг хэд хэдэн хүн мансууруулах бодис хэрэглээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэнд баригдсан юм. Тэдний цус, шээсэнд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн тогтоогдсон байдаг. Энэ үеэр Ш.Батбаяр тэднийг шалгахаар очсон цагдаагийн ажилтныг боож унаган биед нь халдсан хэрэгт холбогдоод байгаа аж. Харин “Айс топ”-ын Д.Манлайжаргал хар тамхи, мансууруулах бодисын нэг төрөл болох “мөс”-ийг хууль бусаар олж авч тээвэрлэсэн хэргийг хүлээсэн бол С.Чулуунбаяр буюу “Коби”, Ж.Бат-Оргил нар уг хэрэгт холбогдолгүй гэж тогтоогдсон гэнэ. Ш.Батбаяр, Д.Манлайжаргал, М.Бадрал нарт холбогдох хэргийг шүүх пүрэв гаригийн 14.00 цагт хэлэлцэхээр товложээ.