АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсанд иргэдээс цэцэрлэгийн багш нар хандив нэрээр их хэмжээний мөнгө авч байгаа тухай гомдол нэлээд ирсний дагуу тус газрынхан шалгажээ. Хэдийгээр цэцэрлэгийн багш, удирдлагын хандив авч байгаа байдал нь албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй боловч холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нь Нийслэлийн Боловсролын газрын 2013-2014 оны хичээлийн жилд гаргасан журмын дагуу хоёр настай хүүхдүүдийг 2014 онд цэцэрлэгт бүртгэж авахдаа хүүхдүүдийн эцэг, эхэд цэцэрлэгийн нөхцөл байдал, архивын өрөө болон бусад засвар үйлчилгээний шаардлагыг танилцуулжээ. Улмаар 100 мянган төгрөгийн хандив, тусламж үзүүлэх хүсэлт гаргаж, өөрөө биечлэн зохион байгуулсан гэнэ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандив авахтай холбогдох хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн Боловсролын,Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зөрчсөнийг АТГ-ынхан тогтоосон аж. Тэрбээр төрсөн охин С-ийг ажилд томилсон тушаал гаргасан аж. Улмаас С нь 2014 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл хугацаанд ажиллаагүй байхад нягтлан бодогч Ц нь 1.6 сая төгрөгийг цалин улсын төсвөөс гаргуулан олгосон байж. Түүнчлэн 2014 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучлан ажилласан нэр бүхий таван хүнд шагналт цалин олгосон боловч өөрсөдтэй нь тохирч 960 мянган төгрөгийг буцаан авч, цэцэрлэгийн тохижилтын ажилд зарцуулсан байна. Мөн цэцэрлэгийнхээ 10 бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтан нараас 14.6 сая төгрөг бэлнээр хураан авч хүүхдийн угаалтуур, суултуурыг солих засварын ажилд зарцуулсан нь хандивыг санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг Төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээх, сургууль цэцэрлэгийн аж ахуй болон жижиг мөнгөн санг хариуцдаг нярав давхар хариуцан ажиллахыг хориглох, нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байх, хандивласан хөрөнгийг зориулалтын арга хэмжээнд зарцуулахаар тус тус журамласныг баримтлаагүй ажээ.Хууль зөрчсөн дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, дахин ийм асуудал гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.