Дээлээ сольсон ХҮН дахин мэндэлж буйгаа зарлалаа. Товчлоогүй нэр нь Хөдөлмөрийн үндэсний нам л даа. Уг нь энэ нам 2011 онд байгуулагдсан, Дээд шүүх 2012 оны нэгдүгээр сард бүртгэсэн юм билээ. Гэхдээ сонгуульд оролцолгүй “унтаж” байгаад одоо л сэрэх гэж оролдож буй аж. Ингэхдээ улс төрийн шинэ хүчин гэсэн тодотгол нэмчихсэн хэрэг. Тэгэхээр үнэн хэрэгтээ хуучин нэрэн дээр нэгдсэн шинэ бүрэлдэхүүн юмдаг уу даа. Хуучин улстөрчийн байгуулах гэж буй шинэ намын сураг ойрын хэдэн сард бас сонсогдоод байгаа.
Тэр нь УИХ-д гурвантаа сонгогдож байсан Л.Гүндалайн Ард түмнээ хайрлая хэмээх энхрийхэн нэртэй нам. Түүний хувьд намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад буй, хараахан албажаагүй. Үүнээс гадна Далайн дээрэмчдийн, Монголын залуучуудын нэгдсэн гэх мэт намын сураг дуулдсаар хэдэн сар болж байна. Сонгууль болтол дахиад хэдэн намын сураг дуулдах юм, бүү мэд. Юутай ч шинэ намууд хүчээ авч дийлэх болов уу.
АМЖИЖ БҮРТГҮҮЛ, ТЭГЭЭД ӨРСӨЛД
Сонгуулийн өмнө шинэ нам мэндлэх нь хэвийн үзэгдэл. 2008 оны сонгуулийн өмнө гэхэд л Монголын ардчилсан хөдөлгөөний, Хөгжлийн хөтөлбөр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч хэмээх гурван нам байгуулагдсан байна. Эдгээр нам 2006-2008 онд “төржээ”. Тэд бүгд сонгуульд оролцсон. 2012 оны сонгуулийн өмнө МАХН (2011 оны арваннэгдүгээр сарын 19), Хөдөлмөрийн үндэсний нам (2011 оны нэгдүгээр сарын 17), Эх орончдын нэгдсэн нам (2012 оны нэгдүгээр сарын 20) байгуулагдсан байх юм. Тэдний ихэнх нь 2012 оны сонгуульд өрсөлдсөн. СЕХ сонгуульд оролцох намуудыг бүртгэж дуусахаас өмнө л Дээд шүүхэд бүртгүүлсэн бол өрсөлдөх боломж нээлттэй.
2005 оноос өмнө бол байдал өөр, арай замбараатай байсан. Тэр үед Улс төрийн намын тухай хуульд аливаа нам Дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш 18 сарын дараанаас л сая УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх цаг хугацааны шалгуур тавьдаг байсан юм. Гэвч 2005 онд Улс төрийн намын тухай хуулиас уг заалтыг хасчихжээ. Ингээд л амжиж бүртгүүл, тэгээд өрсөлд гэсэн зарчим үйлчилж буй юм. Аливааг цаг тулгаж хийх сонирхолтой монголчуудад дээрх заалт тохирохгүй байсан бололтой.
ДЭЭД ШҮҮХИЙН БОСГО ӨНДӨР БАЙНА
Нэг талдаа хуулиас цаг хугацааны хязгаар тогтоосон заалтыг авч хаясан ч нөгөө талаар Дээд шүүхийн шинэ намуудад тавих шаардлага өндөрссөн бололтой юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Далайн дээрэмчдийн нам байгуулах хүсэлтэй залууст тэд татгалзсан хариу өгсөн. “Дээрэмчин гэдэг үг чинь таалагдахгүй байна” гэсэн утгатай хариу хэлсэн сурагтай. Монголын залуучуудын нэгдсэн нам байгуулж буйгаа хэдэн шавилхан залуу бараг жилийн өмнө зарласан. Гэтэл байдаггүй. Дээд шүүх дээр бүдэрсэн гэнэ. Шинэ нам байгуулах хүсэлтэй хүмүүс ч үүнийг мэдрээд эхэлчихжээ.
Улс төрийн шинэ хүчнийхэн уг нь өөр нам байгуулах сонирхолтой байсан гэх. Гэтэл Дээд шүүх шинэ намд “мандат” олгохдоо тун гар татуу байгаа учраас 2011 онд байгуулчихсан байсан ХҮН-ынхаа буурийг сахихаар шийдсэн байна. Мэдээж хуульд заасан бүх шаардлагыг хангаад очвол Дээд шүүхийнхэн “Үгүй” гэхгүй л байх. Тэгэхээр нам байгуулах хүсэлдээ хөтлөгдөгсөд шаардлага хангаж чадахгүй л гүйгээд байгаа болов уу.
ШИНЭ ХҮЧИНД ОРОН ЗАЙ БИЙ ЮҮ
Энэ бас л асуудал. Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 22 нам бүртгэлтэй. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын улс төрд АН, МАН гэдэг хоёр нам л ээлжлэн төр барьж буй. Ард түмэн аль нэг нам руу хуйлран ханарахаа байсан. Цоо шинэ, оновчтой, өөр сонголт даанч алга байгааг рейтинг тогтоосон элдэв судалгаа харуулна. Байгуулагдмагцаа сонгуульд тун амжилттай оролцож, бүлэг байгуулах хэмжээний суудал авсан цор ганц гуравдагч хүчин бол МАХН.
Тэд МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан өрсөлдөөд 11 суудал авсан. Мэдээж 90 жилийн түүхтэй МАХН-ын суурин дээр байгуулагдсан шинэ нэртэй хуучин хүчин, дээрээс нь Н.Энхбаярын “оймсны сурталчилгаа” хүч нэмсэн учраас гуравдагч хүчин түүхэндээ анх удаа ийм ажилт гаргасан юм. Олонд танигдсан, бас ч үгүй нэр хүндтэй атал ИЗНН УИХ-д хоёроос илүү суудал авч үзэлгүй 10 гаруй жилийг үдэж байна. Ийм байхад цоо шинэ хүмүүстэй цоо шинэ намд итгэл үзүүлнэ гэдэг боломжгүй.
Сонгогчид ийм гоомой алхам хийхгүй л болов уу. Гэвч ганц ч болов суудал авчихын төлөө л аливаа нам сонгуульд ордог. Тэгэхээр шинэ намуудынхан минь та нар эхлээд Дээд шүүхийн босгыг дав, дараа нь өрсөлд. УИХ-д суудал авч чадахгүй ч гэлээ санал хувааж, хувийн рекордоо эвдэх ч юм бил үү. Тиймээс амжилт хүсье.
С.ТУУЛ