Машинуудын дундуур сандран гүйлдэх хүүхдүүд, түгжрэл дунд чи цаашаа, би наашаа гэж хэрэлдсэн эцэг эхчүүд... Түгжрэл гэгчийн сонгодог жишээг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн үүдэнд харж болно. Юуны учир ийм байдалд хүрэв гэвэл тус сургуулийн хашаанд тулган хоёр орон сууц барьж байна. Барилгын компанийхан орон сууц барихын тулд сургуулийн гарц орчмын сөөмхөн газраас гадна нийтийн эзэмшлийн талбай болох явган хүний зам, автомашины зогсоолыг тэр чигт нь, дээр нь авто замын хагасыг явган хүний гарцтай нь хамт том төмөр хашаагаар хаачихаад байгаа юм. Энэ хашааг тойрч хажуугийн байрнууд руу орох, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэхийн тулд жолоочоос багагүй эр зориг, ур чадвар шаардана. Учир нь хүүхэд, эсвэл машин ирж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаагүй уулзвараар жолооч нар зүгээр л “азандаа найдаад” эргэхээс өөр аргагүй болж.

Хэн илүү зоригтой, хэн илүү азтай нь л энэ уулзварт бусдаасаа бага түгжирч зогсоно. Энэ байдалд бухимдсан эцэг эхчүүд “Ийм аюултай орчинд хүүхдээ ганцааранг нь явуулж зүрхлэхгүй өдөр бүр энд түгжирч байна. Өнгөрсөн намар барилга дээрээс хавтан унаж, хүүхдийн нүд гэмтээсэн гэж сурагчид ярьж байсан. Барилгын ажлаа хурдан дуусгаж энэ хашаагаа аваасай” гэж байлаа. Энэ талаар 84 дүгээр сургуулийн захирал С.Марта “Бид чадах бүх арга хэмжээгээ авсан боловч хүчин мөхөстөж байна. МХЕГ, нийслэлийн болон Баянзүрх дүүргийн ЗДТГ зэрэг холбогдох газруудад хандсан ч одоо хүртэл тодорхой хариу өгөөгүй. 2013 онд удаа дараа албан би чиг явуулж байж Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Тус газарт барилга барих зөвшөөрөлгүй байна” гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш есөн давхар орон сууцаа бариад дуусаж байна. Сургуулийн зүүн талын барилга нь Г.Алтанхуяг гэдэг хүний эзэмшлийнх гэсэн. Энэ хүн анх сургалтын төвийн барилга барина, гадаадаас багш нар авчирна, хажуугийн замыг чинь засаж өгнө, хамтарч ажиллана гэж тохирсон боловч сүүлдээ орон сууц барьж эхэлсэн.

Энэ тухай түүнээс асуухад “Зөвхөн нэгдүгээр давхарт нь сургалтын төв ажиллана” гэсэн. Харин баруун талын барилга нь Баяраа гэдэг хүний эзэмшил гэж байсан ч түүнтэй уулзаж чадаагүй. Манай сургуулийн сурагчдын дээрээс юм унахаас эхлээд зам тээврийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй аюултай нөхцөл байдалд байгаа. Учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна. Түгжрэл нь дүүрч гэхэд хүүхэд бэртэж гэмтэх вий гээд барилгын ажил явагдах үеэр сургуулийн хашаан доторх хэсэгт хаалт хийж аргацааж байна” гэв. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын тус дүүргийг хариуцсан мэргэжилтэн “Зүүн талын есөн давхар орон сууцны барилгыг Улсын комисс хүлээж авсан, бүх зөвшөөрөл нь бүрэн, газар эзэмшигч нь Г.Алтанхуяг гэдэг хүн байна. Харин баруун талын барилга нь манай байгууллагад бүртгэгдээгүй” гэж хэлэв.
Энэ бүртгэлгүй гэх газрын талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн “Энэ газар “United construction” компанийн эзэмшил, сургалтын төвийн зориулалтаар анх газар эзэмших зөвшөөрөл авч байсан боловч одоо орон сууц барих зөвшөөрөлтэй болж өөрчлөгдсөн” гэв. “United construction” компанийн орон сууцны захиалга авах утасны дугаараар холбогдоход “Барилгын ажил явагдаж байгаа, энэ онд багтааж ашиглалтад оруулна” гэж ярив. Тэгэхээр 84 дүгээр сургуулийн сурагчдад ирэх хичээлийн жилд ч аюул нүүрлэсээр байх бололтой. Мөн тус сургуулиас гадна “Оюунлаг” дунд сургууль, 122 дугаар цэцэрлэг болон зэргэлдээх орон сууцны оршин суугчид зөвхөн энэ замаар л ажил, сургуульдаа явдаг юм.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тус газарт ногоон байгууламж барихаар барилгажилтын төсөлд төлөвлөсөн боловч иргэн Г.Алтанхуяг, “United construction” компанийнхан Баянзүрх дүүрэгт баригдах ногоон байгууламжийн жагсаалтаас ямар нэг аргаар барилга барих газраа хасуулж, орон сууц сүндэрлүүлж чаджээ. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Төрбат “Одоогийн байдлаар яг энэ хэсгийн зам дээр бүртгэгдсэн ноцтой осол байхгүй ч, гарахгүй гэх баталгаа алга. Машинууд байнга мөргөлдөж, шүргэлцдэг. Барилга барьж байгаа компани болон 84 дүгээр сургуультай хамтран тэр хэсгийн замыг явган зорчигч аюулгүй зорчих боломжтой болгоход бид бэлэн байгаа” гэж хэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 2-ны А/241 тоот захирамжийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ сард нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхөөр нэг сарын аян зарлажээ. Энэ аяны хүрээнд явган зорчигчид саад учруулж байгаа барилгын компаниудын удирдлагуудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэ олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа иргэн Г.Алтанхуяг болон “United construction” компани үүргээ биелүүлж, хүүхдийг сургуульдаа аюулгүй очих боломжийг бүрдүүлж өгөхийг энэ сурвалжлагаар уламжлахыг хүслээ.
Х.АЗЖАРГАЛ