Хувийн дунд сургуулийн сарын төлбөр 70 мянгаас 2.8 сая, цэцэрлэгийнх 70-350 мянган төгрөгийн ханштай байдаг. Төр, хувийн гэлтгүй цэцэрлэгүүд нэг хүүхэд сургасныхаа төлөө жилд 705.500- 871.600 төгрөг төрөөс авдаг. Гэтэл хувийн цэцэрлэг үүд хүүхдийнхээ тоог зохиомлоор нэмж, 20 хүүхэдтэй байж 50 хүүхдээр хувьсах зардал авдаг зэрэг зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. Тус газраас хувийн өмчийн дунд сургууль, цэцэрлэгүүд Нийгмийн даатгалын багц хуулийг хэрхэн хэрэгжүүлж буйг шалгасан дүнгээ өчигдөр танилцуулсан юм. Шалгалтад хувийн 50 дунд сургууль, 90 цэцэрлэг хамруулахаас 125 нь хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлдөггүй, багш нарын цалинд нэмэгдэл тооцдоггүй, байгууллагын дотоод журамд багш нарын нийгмийн баталгааг хангах талаар тусгаагүй, хуульд заасан бүтцээр ажилладаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймээс даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр “Лусын дагина”, “Лидер”, “Номч”, “Сейнт поул”, “Звезда одод”, “Гүүр”, “Шинэ хотхон”, “Номуун”, “Маамуу нааш ир”, “Бяцхан ертөнц” зэрэг сургууль, цэцэрлэгт 4.2 сая төгрөг, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хуулийн дагуу хийгээгүй, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 13 аж ахуйн нэгжид 2.7 сая, таван албан тушаалтанд 250 мянга, нийт 7.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Түүнчлэн төрийн бус сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны цалин тухайн байгууллагын хувьсах зардал, сургалтын төлбөрөөс хамааран харилцан адилгүй байсан гэнэ. Шалгалтад хамрагдсан байгууллагуудын 65 хувь нь ажилтнуудаа боловсролын салбарын цалингийн сүлжээгээр цалинжуулдаггүй, нэмэгдэл олгодоггүй байж. Мөн цэцэрлэгүүдийн 75 хувь нь багш нараа 400 мянган төгрөгөөр цалинжуулдаг, үүнээс ч бага цалин олгодог байгууллага байсан гэнэ.
Тухайлбал, “Онол” сургуулийн багшийн үндсэн цалин ердөө 192 мянган төгрөг. Энэ бүх зөрчил нь хүмүүсийн эрх зүйн мэдлэг дутмагаас гадна ажилтан цалин хөлсөө багаар тооцуулан, нийгмийн даатгалын бичилт хийхийг зөвшөөрч байгаа нь хууль зөрчих шалтгаан болжээ. Мөн хамгийн багадаа найман хүн ажиллах ёстой цэцэрлэгт гурван багш ажиллаж байсан аж. Түүнчлэн хувийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэд хуульд заасан тэтгэмжээ авч чадахгүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч З.Болормаа онцоллоо.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ