Шилдэг уран бүтээлчдэд олгодог “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагаа долоо дахь удаагаа энэ сарын 14-ний 10.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, тэдэнд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус үйл ажиллагааг өмнөх онуудаас өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэйгээр хийхээр төлөвлөжээ. Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулах юм. Цомыг гурван сая төгрөгийн шагнал дагалддаг.