Англи хэл сонирхон сурч байгаа хүүхдүүдийн идэвхи, чадварыг хөгжүүлэх, авъяасыг нь нээн урамшуулах зорилгоор Эрдэнэдалай сумын ИТХ сурагчдынхаа дунд англи хэлний олимпиадыг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа. Харин энэ олимпиадыг тус сумын малчид ивээн тэтгэсэн байна.
МУБИС төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан энэ олимпиадад 5-12 дугаар ангийн 650 сурагч оролцож, англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд олимпиадын тэргүүн байрын шагналыг 5-ын б ангийн Б. Номундалай, 7-ын б ангийн Г.Үржинбадам, 8-ын а ангийн М.Доржсамбуу, 10-ын а ангийн С.Ганзориг нар хүртэж, Ц.Бумангэрэл багштай 10 а анги олимпиадын аварга болжээ.
МУБИС төгсөгчдийн холбооноос энэ хавар сургуулиа төгсөх сурагч Х.Дүүрэнбилэгт МУБИС-ийн гадаад хэлний ангид элсэн суралцах урилга гардуулж амжилт хүссэн бол багш Б.Пүрэвдоржийг “Багшийн алдар” медалиар шагнасан байна.
Сумынхаа хүүхдүүдийн дунд зохион байгуулсан англи хэлний анхны олимпиадыг ивээн тэтгэсэн 1-р багийн малчин П.Энхбат, 3-р багийн малчин Б.Ганхуяг, Л.Батболд, 5-р багийн малчин С.Мөнхбат, 7-р багийн иргэн Д.Батдэлгэр нарт олимпиадыг зохион байгуулагчид болон хүүхдүүд талархалтай байна.
Олимпиадад МУБИС-ийн НХУС- ийн Гадаад хэлний төвийн орос-англи хэлний багш Б.Болортуяа, “Оюунлаг” БДС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч П.Отгонжаргал, Улсын тэргүүний 24-р сургуулийн Англи хэлний багш Г.Оюунтуяа нар урилгаар оролцлоо гэж Эрдэнэдалай сумаас мэдээллээ.