Өвөрхангай аймагт ирсэн зочид гийчдийн нүдийг “хужирладаг” Монгол морины шүтээн рүү цахилгаан татах ажил эхэллээ.
Мөн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их засвар, Баянгол, Сант суманд барих цэвэрлэх байгууламж, Баяр наадмын талбайн засварын ажил “эзнээ олоод” байна. Түүнчлэн Арвайхээр сумын айл өрх эрс нэмэгдсэний улмаас хаяанд тулчихаад байгаа Хүндэтгэлийн хаалгыг нүүлгэн шилжүүлж, Онгийн голын гүүрэн дээр барих ажил ч эхлэв. Эдгээр таван ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан бөгөөд 5 сард багтаан ажлаа эхлэхээр болоод байна.
Мөн энэ сард багтаан Арвайхээр суманд авто зам, гэрэлтүүлэг тавих, Баянгол суманд Онги голын гүүр барих, Гучин-Ус сумын цэцэрлэгийг өргөтгөх зэрэг 9 ажлын тендрийг зарлах бөгөөд эдгээр ажил эзнээ олсноор энэ жил Өвөрхангай аймагт хийгдэхээр төлөвлөсөн ажил дуусах юм. 2015 онд Өвөрхангай аймагт 5 тэрбум гаруй төгрөгийн төсөв батлагджээ.