Авлигатай тэмцэх газарт нэгэн иргэнээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан Н бусдаас хахууль авсан байж болзошгүй тухай мэдээлэл ирснийг тус газрынхан шалгажээ. Н нь тус аймагт зарласан тендерийн сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан гэнэ. Улмаар тендерт шалгарч, ажил гүйцэтгэж буй компаниудад хяналт тавих үүрэг гүйцэтгэж буй аж. Ингэхдээ тэрбээр тухайн компаниудын эрх бүхий албан тушаалтнуудаас зээл нэрээр багагүй хэмжээний мөнгө авсныг шалгалтаар тогтоосон байна. АТГ-ынхны тогтоосноор аж ахуйн нэгжүүдээс ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтан Н зээл нэрийн дор зургаан сая, эмчилгээний зардалд тусламж болгон 200 мянган төгрөг авсан нь батлагдсан аж.Түүний энэ үйлдэл Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлд заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн “Хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэх зэрэг заалтыг зөрчжээ. Тиймээс түүнд хариуцлага тооцуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрд АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна.