Баруун Африкт 11 мянга орчим хүний аминд хүрээд буй “Эбола” вирусийн тархалтыг дарахын тулд ДЭМБ шуурхай хариу арга хэмжээ аваагүй гэж шинжээчид мэдэгдлээ.
Уг вирусийг дарахаар ДЭМБ-ын авч буй хариу арга хэмжээнд үнэлгээ хийхээр олон нийтийн эрүүл мэнд ба хүмүүнлэгийн тусламжийн талаарх шинжээчдийн бие даасан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард байгуулагджээ. Тус ажлын хэсэг Женевт урьдчилсан тайлангаа танилцуулсан байна.
Уг тайланд, “Халдвар тархсан орон нутгийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны тавдугаар сард түгшүүр зарласан ч ДЭМБ наймдугаар сард онцгой байдал зарласан” гэжээ.
Дэлхий “Эбола”-гийн тархалтыг тогтоон барьж чадаагүй гэж ажлын хэсэг ахлагч Барбара Стокинг хэлэв.
Түүний хэлснээр, олон улсад шинээр ямар нэгэн ноцтой асуудал тулгарахад үүнийг шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй байгаа учраас ДЭМБ шинэчлэлт хийх хэрэгтэй байна.