Засгийн газрын тогтоолоор баталсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу энэ пүрэв гарагт 2014 оны шилдэг уран бүтээлчийг тодруулна.
Долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 14-нд УДБЭТ-ын тайзнаа болно.
Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн төрлөөр шалгаруулж шилдгээ тодруулах бөгөөд “Мөнгөн мод” цомын эзэнд гурван сая төгрөгийн шагнал дагалдана.
Ёслолын ажиллагаанд он оны “Мөнгөн мод” цомын эзэд шилдэг уран бүтээлээсээ толилуулан мэндчилгээ дэвшүүлэх аж. БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус ажиллагааг өмнөх жилээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй хийхээр төлөвлөж байгаа аж.