ХХААЯ, МХЕГ, Монголын махны холбооныхон болон мах үйлдвэрлэгчид өчигдөр махны экспортод тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцав. Одоогоор манай улс ОХУ, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа. Мөн вьетнамчууд манай улсаас мах импортлох сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Вьетнамын Хорио цээр, хяналтын газрын ажилтнууд энэ сарын 20-нд манай улсад ирж, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм байна. Энэ талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамбаагаас тодрууллаа.
-Вьетнамчууд манай улсаас жилд хэд орчим тонн мах импортлох хүсэлтэй байгаа юм бол?
-Вьетнамын тал манай улсаас мах импортлохын тулд эхлээд дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал ямар хэмжээнд байгаа, тэдний тавьж буй стандарт шаардлагын дагуу мах боловсруулж байна уу, үгүй юү гэдгийг шалгах юм. Одоогийн байдлаар тэд хэдэн тонн мах худалдаж авах нь тодорхойгүй байна. Манай талаас бог малын мах их хэмжээгээр экспортлох сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Вьетнамчууд ч бог малын хөлдөөсөн мах импортлох хүсэлтэй байгаа юм билээ.
-Дотоодын мах боловсруулах үйлдвэрүүд Вьетнамын талын тавьж буй шаардлагыг хангах боломжтой юу?
-Манай мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, технологи стандартад нийцэж байгаа. Харин малын мах худалдаж авах эргэлтийн хөрөнгө үйлдвэрүүдэд дутагдаж байна. Энэ асуудлаа зохицуулчихвал хүчин чадлын хувьд санаа зовох юм байхгүй.
-Үйлдвэрүүдэд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд жилд нийт 160-180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Салбарын яам гурван жил дараалан махны үйлдвэрүүдээ дэмжвэл хөл дээрээ зогсох боломжтой.
-Хоёр хөрш рүү гаргаж байгаа махны экспортын хэмжээ энэ онд ямар байна вэ?
-Бага байна. Орос, Хятад руу үхэр, адууны мах бага хэмжээгээр экспортолж байгаа. Үнэ хямд учраас ОХУ руу мах экспортлоход ашиггүй байна. Тэд манай дотоодын зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдаж авах гэдэг. Ер нь хоёр хөрш манайхаас мах авахаас илүү малыг хөлөөр нь гаргуулах хүсэлтэй. Өнгөрсөн сард Хятад руу 100 гаруй адуу гаргасан байсан.
Н.САНЖААСҮРЭН