Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны оршин суугчид өнөөг хүртэл айлаар “хоног төөрүүлж”, зочид буудалд толгой хоргодох нь хоргодож буй. “16 дугаар байр хазайсан байх магадлалтай” хэмээн яарч сандран мэдэгдэл хийн, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, нийгэмд айдас түгшүүр төрүүлээд байсан хүмүүс өнөө харин таг чиг. Тус байрны зүүн талд “Би Жи Би Жи” ХХК-д 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосон төрийн байгууллагууд, эрх бүхий албан тушаалтнууд хийгээд баталж өгсөн улаан шугамнаас хэтрүүлэн зураг төсөл хийсэн компани, хөхөө өвлийн хүйтэнд дур мэдэн газар шорооны ажил эхлүүлэхдээ ямар ч бэхэлгээ хийгээгүй гүйцэтгэгч гээд энэ хэргийн сэжүүр хэдэн тийшээ талийчихсан. Тиймээс “Буруутныг тогтоож, хариуцлага хүлээлгэнэ” гэдэг үнэмшилгүй үгнээс илүү хазайсан гэх байрандаа “итгэж”, өнөөх барилгын суурийн том нүхийг бушуухан битүүлж, хөрсийг нь дахиж нурахааргүй болбол дүүрсэн хэрэг гээд гэртээ орцгоохын түүс болж байна.
Энд нэг л зүйл тодорхой байгаа нь Монголын барилгын салбар дахь эмх замбараагүй, хариуцлагагүй байдал, хэрэг бишдэхээр буух эзэн, буцах хаяг олддоггүй төрөл бүрийн зөвшөөрлөөс болж иргэд хохирдог явдал. Харамсалтай нь, ийм жишээ хаа сайгүй байна. Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр буюу Монголын хүүхдийн ордны чанх хойно, “Гурван гал” худалдааны төвийн урд, төв замтай тулган нэгэн барилга барьж буй. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас барилга угсралтын ажлаа эхэлсэн 16 давхар (дороо зоорьтой), оффис, үйлчилгээний зориулалттай тус барилгыг “Глобал хурд” ХХК-ийн захиалгаар “Мастер инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Гэхдээ суурийн В1, В2 болон нэгдүгээр давхрыг нь “Чандмань цамхаг” ХХК гэж өөр нэг компани гүйцэтгэсэн гэж байгаа. Өдгөө 2-3 давхраа цутгаж буй барилга дээшлэх тусмаа ямар хэрэг тарих бол гэхээс яс хавталзмаар дүр зураг хэний ч нүдэнд ил. Төв замаар явж байгаа автомашины жолооч, явган зорчигчдын дээрээс юу ч унаад ирж мэдэхээр нөхцөл байдал нь “Тэнгис” кино театрын урд талын барилга дээр гарсан ослыг эрхгүй санагдуулмаар.
Тиймээс уг барилгын талаар иргэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсний дагуу шалгахад олон зөрчил илэрчээ. Тэд барилгын сууриа цутгахдаа магадлал хийгээгүй зураг төслөөр гүйцэтгэж байсны дээр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл нь дуусчихаад байхад бүр давраад суурийг хоёр давхар болон, үндсэн нэгдүгээр давхраа цутгасан аж. Түүнчлэн нэг, хоёрдугаар сарын ид хүйтэнд бетоноо цутгасан тус барилгын суурь, багана, дам нуруу хэр зэрэг бат бэх вэ гэдгийг тодорхойлох аргагүй тул мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн оны аравдугаар сард акт тогтоож, ажлыг нь зогсоожээ. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагчийн үгийг нохой хуцаж байгаа чинээ саналгүй, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байсан тул гүйцэтгэгч, захиалагч аж ахуйн нэгжүүдийг 576 мянгаас хоёр сая төгрөгөөр торгосон гэдгээ НМХГ-ын барилгын техник хяналтын улсын байцаагч Н.Ганчимэг хэлэв.
Хамгийн хоржоонтой нь барилгын ажил эхлээд таван сар болсны дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд зураг төслийн магадлалын дүгнэлт нь батлагдаж гарчээ. Уг нь барилгын зураг төслийг магадлалаар оруулж, баталгаажуулсны дараа суурийн ажил эхлэх ёстой байтал үйл явц эсрэгээрээ өрнөсөн нь хачирхалтай. Ийм учраас зөрчлөө арилга гээд мэргэжлийн хяналтын байцаагч “Глобал хурд”-ын барилгад акт тогтоочихоод байхад төрийн хууль, цаазыг хэрэгжүүлэхийн төлөө адилхан зүтгэх учиртай Ерөнхий төлөвлөгөөний газрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22- нд тэднийг “Барилгын үндсэн ажлаа эхлүүл, үргэлжлүүл” гэсэн зөвшөөрөл олгосон байх юм. Тэгэхдээ бүр 2014 оны долдугаар сарын 8-нд анх 12 давхар, үйлчилгээний барилгын зөвшөөрөл олгосон байснаа давхрыг нь дөрвөөр нэмэн, “бэлэг” барьжээ. Одоо нэгэнт эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл өгсөн учраас мэргэжлийн хяналтын байцаагч актаа буцаахаас өөр гарцгүй болоод буй гэнэ.
Төрийн байгууллагууд ингэж нэгнийхээ гаргасан шийдвэрийг үл ойшоон даапаалж байхад хувийн хэвшлийнхэн тэдэнд яаж хандах нь ойлгомжтой биз дээ. Тэгээд ч баруун талаараа төв зам, зүүн талаараа “Гурван гал”, “Выставка” худалдааны төвийн автомашины зогсоол хоёрын дундах 524.5 ам метр талбайд 16 давхар оффис, үйлчилгээний барилга сүндэрлүүлнэ гэдэг ёстой л Ерөнхий төлөвлөгөөний газрынхны толгойд багтах хот төлөвлөлт бололтой. Эх сурвалжийн хэлснээр бол “Глобал хурд”-ын энэхүү барилгад лав л нэг банк орох юм гэсэн. Тэгээд өөр ямар газрууд 16 давхар барилгын булан тохойг эзэгнэхийг таашгүй. Гэтэл бас энэ барилгын ар болон зүүн талд дахиад хоёр ч банк өндөр барилга бариулахаар зөвшөөрлөө авчихсан байгаа юм билээ. Нэг нь “Глобал хурд”- ынхантай газраа булаацалдаад шүүх, цагдаадаа хүртэл тулсан гэнэ. Нэгэн ББСБ дампуурахад хохирогчдод нь нөхөн төлбөр олгохоор тухайн байгууллагын мэдэлд байсан 745 ам метр газар бүхий нэг давхар хуучин барилгыг 2011 онд шүүхээс албадан дуудлага худалдаанд оруулахад “Глобал хурд” ХХК худалдаж авсан нь одоогийн энэ талбай аж.
Гэвч тэр газар нь төв замтай хэт ойртоод байсан учраас зүүн тийш ялимгүй сунгуулсан нь өөр нэг банкны эзэмшил газар руу орсон учраас ийнхүү маргаан дэгдсэнийг газрын албаныхан хэлэв. Хот байгуулалтын тухай хуульд тухайн олгосон газрын 30-аас доошгүй хувийг ногоон байгууламж, зам талбай эзэлнэ гэдэг заалтыг манайхан уландаа гишгээд удаж буй. Барилга хоорондын зай өндрөөсөө хамаараад дунджаар 45 метр байх ёстой норм дүрэм ч бүр өнгөрсөн. Гол нь тийм бага талбайд олон өндөр барилга бариулаад, эцэст нь ямар нэгэн аюул гамшиг гарвал гал командынхан, түргэний машин хаагуур орох вэ гэдэг маш чухал. Гэтэл зөвхөн урдаасаа л машин орж, гарах боломжтой энэ байршилд тийм тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэхийг одоогоор хэн ч тооцоолоогүй сууна. Кран зоох ч талбайгүй умгар, давчуу зайд барилга барьж буй ажилчид болоод иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй эсэх, орчин тойрныг нь мэргэжлийн хяналтынхан удахгүй шалгана аа л гэх. Харин яагаад хотын төвд ингэж шавааралдуулан барилга барих зөвшөөрөл өгч байгааг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулах гэтэл урдаас бөөн хүнд суртал гаргаад мэдээлэл өгсөнгүй.
Л.ГАНЧИМЭГ