Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа албан ажлаар хөдөө орон нутагт явж байгаад автомашины осолд орж бие нь хүнд байна. Тэрбээр “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастайд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, буцах замдаа осолд өртжээ.
Уг осол Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын хооронд уржигдар 19.30-20.00 цагийн үед болсон бөгөөд орон нутгийн иргэдийн мэдээлснээр жолооч нь хурд хэтрүүлснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй байна. Учир нь тухайн үед хонин сүрэг зам хөндлөн гарч байсан аж. Жолооч нь зам дээр гарч ирсэн бог малыг тойрч гарах гээд замын хажуугийн далан руу унасан гэнэ.
Ослын улмаас автомашины хойд суудалд сууж явсан дэд сайдын нөхөр газар дээрээ нас барж, Д.Атармаа сайд хүнд гэмтсэн аж. Харин жолоочийн бие нь харьцангуй гайгүй гэж хэргийн газарт ажилласан хүмүүс хэлэв. Өдгөө энэ хэргийг Булган аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа аж.
ГССҮТ-ийн эмч нараас дэд сайд болон жолоочийн биеийг лавлахад “Дэд сайд Д.Атармаагийн бие маш хүнд байгаа. Тархи, толгойдоо хүнд гэмтэл авсан. Эрчимт эмчилгээ хийж, тайвшруулах тариа тарьсан байгаа. Хамт ирсэн залуугийн тухайд жолооч нь биш. Хамаатных нь хүн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Тус тусдаа нэг өрөөнд эмчлүүлж байгаа” гэлээ.