Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг тавдугаар сарын 1-нд татварын шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийснийг, татвар нэмэхгүй, буулгахгүй гэж ярьсныг уншигчид санаж буй нь лавтай. “Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжихүйц шатанд гаргах нийгмийн захиалга нэгэнт бий болсон. Татварын хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална” гэж тэрбээр мэдэгдсэн. Ч.Сайханбилэг сайд маань сайхан л мэдээлэл хийв. Ерөнхий сайдын мэдээлэлд урамшсан би татварын шинэчлэлд саналаа нэмэрлэе гэж бодлоо. Хэдэн сарын өмнө танил нэгэн хөгшинтэй таарав. Насаараа ханилсан өвгөн нь тэнгэрт халиад жил тойрч байгаа гэнэ. Орон сууцандаа ганцаараа үлдэж. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс бурхан болоочийн нэрийг хасуулахаар нотариатчийг зорьжээ. Гэтэл нотариатын хураамж гэж 500 мянган төгрөг төлөх болсон гэнэ. Балмагдаж гайхсан настан яагаад ийм өндөр хураамж авдаг болохыг нотариатчаас лавлахад талийгаачийн өв танд үнэгүй шилжиж байгаа учир ийм хэмжээний хөлс төлөх учиртай гэжээ.
Настны ойлгосноор бол хоёр хөгшний амьдарч байсан орон сууцны үнэлгээний тал нь бурхан болоочийнх, тал нь өөрийнх нь гэж тооцвол талийгаачид ногдох хэсэг нь өв болж амьд үлдсэн хөгшинд шилжиж байгаа хэрэг гэнэ. Тэгээд нотариатын хураамж гэж талийгаачийн өвийн мөнгөн дүнгийн нэг хувьтай тэнцэх төлбөрийг нотариатч авдаг журамтай гэж тайлбарлажээ. Хууль журам ийм байгаа хойно гээд тэрбээр тэтгэврийн хэдээ авч, дээр нь хүүхдээсээ мөнгө авч нэмэрлээд хөлсийг нь чадан ядан төлсөн байна. Гэвч татвар хураамж үүгээр дууссангүй. Хэсэг хугацааны дараа настан ганцаараа амьдрах аргагүй болж, байраа борлуулж хүүхдээ бараадахаар шийджээ. Гэтэл татварын хөгшнийг орон сууцаа борлуулсны хоёр хувийн татвар төлөх ёстой хэмээн бас сандаргаж. Ийм явдал тохиолдсон нь ганц энэ хөгшин ч биш. Бараг өдөр бүр л хаа нэгтээ хагацал тохиолддог.
Гэтэл бурхан болооч бүрийн өвийн ногдох хэсгээс хувь тооцож нотариатч төлбөр хураамж авдаг нь ямар учиртай юм бол. Ард түмний өв хөрөнгийн үнийн дүнг хувилан тооцож төлбөр хураамж авах нь хэр шударга юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Хар ухаанаар бодоход хэн нэг нь бурхан болоод байвал талийгаачийн өвөөс нотариатч ашгүй хувь хүртээд суудаг байх нь. Ийм хууль, журам манайд үйлчилж байна. Хувиар тооцсон төлбөр хураамжийн дараа дахиад хувь процентоор тооцсон татвар хураалгах ёстой нь ямар учиртай юм бол. Нотариатын хуульд “Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна. Нотариатын үйлчилгээний хөлсийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ. “Үйлчилгээний хөлс” гэх заалтыг нь уншаад дараа нь Татварын хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиа харлаа. Татварын ерөнхий хуульд “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ, хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авдаг мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ” гэж тодорхойлсон байна.
Тэгэхээр Нотариатчийн авч буй хураамж үйлчилгээний хөлс үү, татвар уу. Татварын хуульд “үйлчилгээний хөлс” гэсэн үг алга. Тэгвэл нотариатын үйлчилгээ үзүүлсний төлөө авч байгаа мөнгийг хураамж гэж үзэхээр, хураамж нь татварын бүрэлдэхүүн байхаар ойлгогдож буй юм. Хамгийн гол нь татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж Татварын ерөнхий хуульд яв цав заачихсан байна. Тэгвэл нотариатын хураамжийг яагаад хуулиар биш, Хууль зүйн сайд тогтоосон, тогтоохдоо татварын хуулийг биш, Нотариатын хуулийг баримтлаад тогтоочихсон юм бол. Тэгээд ч төлбөр, хураамжийг Хууль зүйн сайд хариуцдаг бил үү гэсэн асуулт урган гарч байна. Уг нь Нотариатын хуулийг сайтар уншвал нотариатын төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу авахаар заажээ. Гэвч энэ нь зөвхөн нотариатч байдаггүй нутаг дэвсгэрт ажилладаг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарт хамаатай гэнэ. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэдэгт нь нотариатч ажилладаггүй сумын ЗДТГ-ын дарга, мөн гадаадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд ордог аж.
Эдгээр албан тушаалтан нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр нотариатын хураамж авдаг, харин Хууль зүйн сайдаас нотариатчаар ажиллах зөвшөөрөл авсан хүмүүс нь Хууль зүйн сайдын баталсан өндөр үнийн дүнтэй хураамж авдаг бололтой. Ийм ялгаатай хураамжаар нотариатын үйлчилгээ үзүүлдэг болж таарлаа. Эндээс харахад нотариатын үйлчилгээ үзүүлсний төлөө ялгаатай үйлчилгээний хураамж ард түмнээс авч байгаа юм. Суманд амьдардаг иргэн Бадам, гадаадад ажилладаг иргэн Бат нар нотариатын үйлчилгээ аваад Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хямд хураамж төлж байна. Харин Улаанбаатарт амьдардаг Долоон буудлын Должин эмгэн, Дорнод аймагт амьдардаг Дондог өвгөн нотариатаар үйлчлүүлээд Хууль зүйн сайдын тушаалаар баталсан өндөр үнийн дүнтэй хураамж төлнө. Яг адилхан нотариатын үйлчилгээ аваад газар тэнгэр шиг ялгаатай хураамж төлдөг нь байж болмооргүй санагдана. Гэтэл Нотариатын хуульд нотариатын үйлчилгээний хөлсийг ингэж ялгаатай авч байхаар хуульчилжээ. Хууль зүйн сайдын тогтоосон нотариатын үйлчилгээний хөлстэй танилцахад бас өөлөх зүйл байна. Юу гэвэл нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхдээ үнийн дүн нь нэг сая төгрөгөөс давсан тохиолдолд шатлалаар тооцож үйлчилгээний хураамж авахаар заажээ.
Тухайлбал, 25.000.001-100.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг гэрчлэхэд 50 мянга, 100.000.001-300.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг баталгаажуулахад 100 мянган төгрөг гэх мэтээр үйлчлүүлэгчдээс авах хураамжийг сайдын тушаалаар тогтоожээ. Гэрээ гэрчлэхдээ хуульд нийцэж үү, үгүй юү, гэрээнд гарын үсэг зурах хүмүүс өөрсдөө ирж үү гэдгийг шалгах нь нотариатчийн үүрэг. Түүнээс биш гэрээний үнийн дүн нотариатчид ямар хамаатай юм бол. Жишээ нь, дээрх шатлалаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар батлуулсны дараа иргэд (худалдагч тал нь) үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсны орлого гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хоёр хувийн орлогын албан татвар төлдөг, аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан мөн хэмжээний орлогын албан татвар төлдөг аж. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд давхар татвар төлөөд байгаа юм биш үү. Давхар татвар гэсний учир нь нотариатын үйлчилгээний хөлс олон шатлалтай, үл хөдлөх хөрөнгө хямд байна гэж байхгүй, үнийн дүнгээс хамаарч нотариатч ахисан шатлалаар мөнгө хураана. Тэгээд өндөр үнийн дүнтэй хураамжийг иргэд, аж ахуйн нэгжүүд нотариатчид төлчихөөд дахиад Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар төлөөд байгаа нь татварыг давхардуулж төлж буй юм биш биз. Нотариатын үйлчилгээ төлбөртэй байж болно. Гэхдээ нотариатын үйлчилгээний хураамжийг хувиар биш, тогтоосон тарифаар авбал зүгээр байлтай.
Жишээ нь, өв гэрчлэхэд 10 мянган төгрөг гэх мэт шууд тарифтай болговол зүйд нийцнэ гэж бодож байна. Нотариатчтай нүүр тулдаггүй, нотариатаар үйлчлүүлдэггүй хүн гэж бараг үгүй. Өдөртөө хэдэн арваараа, сар, жилдээ хэдэн мянгаараа энэ үйлчилгээг авдаг байх. Банкны зээл авах, орон байраа зарах, орон сууц худалдаж авах, хөлслөх, түрээслүүлэх, машинаа худалдах хэрэг гарсан хэн ч нотариатч руу гүйдэг. Ажил хөөцөлдөж яваа хүмүүст цаг хайран, тэгээд ч явдал учралаас нь төвөгшөөгөөд хөлс хураамж их байсан ч, уур цухал хүрсэн ч төлөх ёстой хууль, журам үйлчилж буйгаас хойш зовж олсон хэдэн төгрөгөө нотариатчид тушаагаад салж байна. Бурхан болоочийн өвийн мөнгөн дүнгээс нэг хувийг амьд үлдсэн хөгшнөөс нотариатч авчихаж байгаа нь шууд утгаараа дээрэм ч юм шиг. Амьд үлдсэн тэр хөгшинд ганц орон сууцнаас өөр хөрөнгө хогшил гэхээр зүйл үлдсэнгүй. Гэтэл байрны мөнгөний тал хувиас нь нэг хувийг нотариатч авахаар журамласан сайдын тушаалыг үйлчилгээний хөлс гэж тооцох уу. Уг нь нотариатын хураамжаа нэг мөр хуулиар тогтоовол хуульд нийцмээр.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлнө гээд заасан. Иргэний үндсэн үүрэгт энэ заалт хамаарна. Монгол Улсын Үндсэн хуульд ийм заалтыг дэмий ч нэг оруулаагүй байлтай. Үндсэн хууль, Татварын хуультай илт зөрчилдсөн Нотариатын хууль, журмаас ард түмэн л хохирч байгааг бодит жишээ, хууль уншиж, өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэгчээр татвар хураамж тогтоох эрх Хууль зүйн сайдад байгаад л байдаг, Нотариатын хуульд заачихсан энэ эрхийг Хууль зүйн сайд эдлээд үйлчилгээний хөлс нэртэй татвар тогтоочихсон, тогтоосон татварыг нь ард түмнээс нотариатчид хураагаад сууж байдаг ийм олхиогүй хууль одоо мөрдөгдсөөр байна. Хуулийн иймэрхүү зөрчил дутагдал нөгөө сүр дуулиантай хуулийн шинэчлэл гээчийн хаагуур нь өнгөрөөд байна. Лав л эрс шинэчлэл хийнэ гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед хуулийн зөрчил арилсангүй.
Татвар хураамж хариуцдаг сайд, түшмэлүүд нь хамар дор нь мөрдөгдөөд байгаа энэ увайгүй хууль, журмыг сонсоогүй, хараагүй, мэдээгүй гэвэл хүн үнэмшихэд даанч бэрх юм даа. Үйлчилгээний хураамж авдаг хууль батлахад төрийн төсөв мөнгө хариуцдаг сайдын оролцоо огт байдаггүй хэрэг үү. Хуулийн шинэчлэлийг оройлж яваа Хууль зүйн сайд, эсхүл татвар хураамж хариуцдаг Сангийн сайдын аль аль нь энэ мэт хууль, журмыг өөрчилчих эрхтэй хүмүүс байлтай. Өдөр хоногийг алдалгүй ард түмнийхээ эрх ашгийг бодолцож, хуулийн энэ зөрчлийг арилгах цаг болсон биш үү. Хямралтай нүүр тулж, хойд хормойгоороо урдахаа нөхөж яваа иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн Нотариатын хууль, журмыг шуурхай өөрчлөхөд татварын шинэчлэл хийнэ гэж мэдэгдээд байгаа Шийдлийн Засгийн газар анхаараасай. Энэ өөрчлөлт ард түмний эрх ашигт нийцэх нь гарцаагүй.