Сэлэнгэ аймаг газрынхаа дээр ч, дор ч асар их баялагтай. Гэвч түүнийхээ хэрээр байгаль орчны доройтолд маш ихээр нэрвэгдэж буй нутаг. Зах зээлд шилжмэгц л Хан Хэнтийн нурууны баруун, баруун өмнөд хэсгийн байгалийн үзэсгэлэнт бүс нутагт хөрөө сүхээ барин мод руугаа дайрч, алдарт Тужийн нар сүйрлийн ирмэгт тулсныг уншигчид санаж буй нь лавтай. Түүнээс хойш зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй алт олборлогчид байгаль орчныг сүйтгэсээр өнөөг хүрч байна. Тухайлбал, “Шинэ Бадрах” гэх компанийн удирдлага хилийн бүсэд хууль бусаар их хэмжээний мод огтолсон, Ерөө суманд алт олборлосон хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа ч хэрхсэн нь тодорхойгүй, тус компанийн захирал Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчны салбар хорооны дарга Д.Бадрах нь “Би гэм буруугүй, цагдаагийнхан хахууль нэхсэнийг өгөөгүй болохоор намайг хэлмэгдүүлж байна” хэмээн ярьж яваа.
Харин сэлэнгэчүүд Д.Бадрахад холбогдох хэргийн үнэн мөнийг нь хууль хяналтын байгууллагынхан хурдан тогтоогоод өгөөсэй хэмээн хүсэж буй юм билээ. Уг хэргийг шийдвэрлэж дуусаагүй байтал Сэлэнгэ аймгийн байгалийг сүйтгэж буй бас нэгэн компанийн захиралд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт хууль бусаар алт олборлож байсан “Суут цэнхэр” гэх компанийн захирал Ц.Баярцогтод Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан хууль бусаар олборлолт явуулж, байгаль орчинд хор хохирол учруулсан, бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон гэнэ.
Энэ талаар Мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхнээс тодруулахыг хүсэхэд “Шалгаж эхэлж байна, мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхнээс “Суут цэнхэр” компанийн захирал Ц.Баярцогтыг хорьж шалгаж буй эсэх талаар лавлахад прокурорын газраас хууль бусаар алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож, цагдан хорих тогтоол батлуулахаар ирснийг хянаад шүүгчийн захирамж гарч 14 хоногийн хугацаагаар хорихоор болсон.
Гэвч Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, цагдан хорих захирамжийг хүчингүй болгуулсан гэх мэдээлэл өглөө. Хууль бусаар алт олборлож, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан тус компанийн удирдлагад холбогдох хэргийн талаар бид эргэн сурвалжилж мэдээлэх болно.
Г.РАВЖАА