Гудамжинд гуйлга гуйж буй бяцхан хүүхэд хаана хоног төөрүүлдэг вэ. Түүнд анхаарал тавих аав ээж, дулаан гэр, халуун хоол бий болов уу. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хараа хяналтгүй, тэнэмэл амьдралтай 40, төөрсөн 115, хаягдсан 15 хүүхэд байгаа аж. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн өчигдөр Түр хамгаалах байрны үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хуучнаар Хүүхдийн хаяг тогтоох төв буюу одоогийн Түр хамгаалах байр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-нд анхны үйлчлүүлэгчээ хүлээн авчээ.
Тус газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хандаж, түр толгой хоргоддог бөгөөд 30 хүртэл хоног тэнд байж болдог аж. Харин үүний дараа ахиад л гэртээ очно. Магадгүй гэр бүлийн хүчирхийлэлд дахин өртөхийг үгүйсгэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдэгчийг тухайн гэр бүлийнхнээс нь тусгаарлаж, заримыг нь шүүхийн шийдвэрийн дагуу баривчлуулж байгаа аж. Энэ сарын 9-ны байдлаар уг газарт 338 гэр бүлийн 537 хүн хандаж, хамгаалалтад орж, хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 117 нь насанд хүрэгсэд бол үлдсэн нь хүүхдүүд. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэж тусгаарласан өрөөнд тэднийг байршуулдаг юм байна.
Ихэвчлэн 0-10 насны 1-3 хүүхэд дагуулсан эмэгтэйчүүд тус газарт ирдэг аж. Харин өчигдөр Түр хамгаалах байранд гурван хүн байсан юм. Тус байранд энэ оны эхний хагас жилд хараа хяналтгүй, төөрсөн 67 хүүхэд хүргэгдэн ирсний 59 нь эрэгтэй, найм нь эмэгтэй аж. Тус байрны дарга, хошууч Д.Сэржмядаг “Гэр бүлийн хүчирхийлэл эргэн давтагдаж, дахин үйлдэгддэг учраас сэтгэл заслын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх хэрэгтэй байдаг. Тиймээс мэргэшсэн сэтгэлзүйч зайлшгүй шаардлагатай. Гэртээ идэх хоолгүй хүүхдүүд өлсөж суухаар өөрийгөө тэжээж, амьд явах гэж гудамжинд гарч байна. Тэднийг дүүрэг болгонд байдаг Хүүхэд хөгжлийн төвөөр дамжуулан гэрт нь хүргэж өгдөг.
Хаяг тогтоох боломжгүй, асран хамгаалагч байхгүй хүүхдүүдийг улсын асрамжийн газар руу явуулдаг. Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сарын байдлаар 224 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хэрэг буюу 7.4 хувиар буурсан үзүүлэлт. Гэвч гэмт хэргийн халдлагад 404 хүүхэд өртсөний 69 нь долоо хүртэлх насных байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг нь гэмт хэрэгтэн, нөгөө нь хохирогч болж буй нь харамсалтай” гэв. Хохирогчийг түр хамгаалах байранд сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд дөрвөн ээлжээр ажилладаг юм байна. Эхнэр, нөхөр хоёр хамтдаа ирж, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө авах нь нэмэгдэж буйг тэндхийн сэтгэлзүйч онцолсон юм.
Тэд эцэг эх байх эрхээ сэргээлгэхээр хэнд, хэрхэн хандах талаар зөвлөгөө авах нь түгээмэл гэнэ. Өнгөрсөн аравдугаар сараас гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авах 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд тус утсанд нийт 898 иргэн хандаж, хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
Ч.БОЛОРТУЯА
