Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний тусгай салбарын 18 алба хаагч тавдугаар сарын 12-нд ОХУ-ын хилчдэд баригдан “хөглөж” байгаа. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сургагч багш нар ирж сургалт явуулсан бөгөөд тус ангийн дээрх тусгай салбарт очиж дадлага сургуулилалт хийж ангийн байрлалаас хол, цаг агаарын хүнд нөхцөлд явуулахдаа Алтай Таван богдыг зорьсон аж. Сургуулилалт дуусаад хилийн цэргийн хоёр офицер газарчилж хилийн цаадах тосгон руу орж, хямдхан хүнс бараа, шатахуун авахаар явсан талаар эх сурвалжууд хэлэв.
Ингэж явах замдаа АНУ-ын Тэнгисийн цэргийн алба хаагчдын сууж явсан машины шатахуун нь дуусаж, хээр зогсож, нөгөө нь шатахуун олж ирэхээр явахдаа хил давсан аж. Ингээд ОХУ-ын Тувагийн нутаг дахь тосгоны шатахуун түгээх станцаас бензин авч байхад нь Оросын хилчид саатуулсан юм байна. Хэрэв АНУ-ын цэргүүдийн сууж явсан машин хил зөрчсөн бол хоёр, гурван улсын хоорондын харилцаанд хар толбо үүсэх байсан биз. Азаар Оросын хилчид ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төөрч манай хил рүү орж ирэх тохиолдол байсан болохоор шууд буудаагүй бололтой.
Уг нь шүхэр десантын гэгдэх тусгайлсан чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан газар орны нөхцөл байдалд хэрхэн зохицох, луужингаар газар орныг баримжаалах гэх мэтээр цэргийн нарийн арга ухаанд суралцсан хүмүүс ажилладаг гэдэг. Гэвч тэд ингэж төөрч, будилан хил давж “хөглөх”-дөө сурсан эрдмээ гаргаагүй нь хачирхалтай. Цомхон, чадварлаг армитай байх манай Зэвсэгт хүчний зорилт талаар болж, чадваргүй нөхдүүд тусгай үүрэг гүйцэтгээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Зэвсгээ агсан хил зөрчсөн алба хаагчид, ЗХЖШ, Цэргийн тагнуулын газрын удирдлагууд ямар хариуцлага хүлээх бол. Хилийн цэргийнхэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнханд газарчилж явсан алба хаагчдадаа сахилгын арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий.