Завхан аймагт хүн ам, орон сууцны завсрын тооллого-2015 явагдаж байна.
Завсрын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумдад ажиллах тооллогын комиссыг томилон ажлын төлөвлөгөө, график, чиглэлийг гаргаад байгаа аж.
Тооллогын комиссоос аймгийн бүх сум, багийн Засаг дарга, тооллогын комиссын ажилтнууд, гэрээт ажилтанзэрэг нийт 200 гаруй хүнд тооллогын зорилго, хөтлөгдөх маягт, аргачлалын талаар нарийвчилсан сургалт семинарыг өнгөрсөн ажлын өдрүүдэд зохион байгууллаа.
Завсрын тооллогод Монгол Улсын иргэн, 183 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэн, болон гадаадад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг хамруулах бөгөөд тэдний оршин сууж байгаа хаягийг тодорхойлон байр, орон сууц болон эдийн засаг, нийгмийн чухал үзүүлэлтээр мэдээллийн санг бүрдүүлэх юм.
Ингэснээр нэгдсэн мэдээллийн сан бүрдэх нөхцөл хангагдаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хөнгөн шуурхай болох юм.Уг тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилан явагдах тул иргэн бүр үүргээ биелүүлж, иргэний бичиг баримтаа үндэслэн үнэн зөв асуулга өгч Хүн ам, Орон сууцны завсрын тооллогодоо идэвхтэй оролцох хэрэгтэй хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.