Өчигдөр буюу зургадугаар сарын 15-ны орой Малайзын нийслэлд монгол бүсгүй цээжин тус газраа дөрвөн удаа буудуулсан хэрэг гарчээ. Хохирогч бүсгүй өдгөө 26 настай бөгөөд хэрэг гарах үед бизнес эрхлэгч Сибу хэмээх найз залуугийн хамт Тоёота Ланд круизер загварын машинтай Куала Лумпур хотын Дамансара дүүргийн Бандар Утама хороололд явж байсан аж. Хэрэгтнүүд дөрвөн дугуйт мотоциклиэр зогсоолд түр байрласан машин руу гал нээж эхлэх үед ойролцоо явж байсан мотоцикльтэй эр хэрэгтнүүдийг шахсаны ачаар бүсгүй амьд үлдсэн хэмээн Малайзын http://www.shameonyou.buzz/ цахим хуудаснаа мэдээлжээ. Цагдаа нарын өгүүлж буйгаар гал нээх үед жолоо барьж явсан Сибу утсаар ярьж явсан бөгөөд сэжигтнүүд жолоочийн хажуугийн онгорхой цонх руу наймаас цөөнгүй удаа буудаж, дөрөв нь хохирогч бүсгүйн цээж, мөрийг оносон байна.
Сэжигтнүүд гал нээснийхээ дараа замын хажууд зогсох үед 17.45 цаг болж байсан бөгөөд тэд төд удалгүй цааш хөдөлсөн хэмээн гэрчүүд мэдүүлсэн аж. Куала Лумпурын тухайн тойргийн хариуцсан цагдаагийн ажилтан Азми Абу Кассим “Сэжигтнүүд 9 мм-ийн калибер буугаар гал нээсэн гэж гэрчүүд тодорхойлсон. Өс хонзонгийн сэдэлтэй гэмт хэрэг байж болзошгүй” хэмээжээ. Хохирогч бүсгүй Малая их сургуулийн анагаах ухааны төвд эрчимт эмчилгээ хийлгэж буй хэмээн Малайзын “The Sun” сонин мэдээллээ.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр “Малайз улсад манай Консулын газар байдаггүй тул Тайланд улс дах Консулын газар давхар Малайз дахь монголчуудын асуудлыг хариуцан ажилладаг. Бидэнд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл одоогоор алга байна. Тайланд улс дахь Консулын газарт хандаж хохирогч эмэгтэй тухайн улсад хэзээ очсон, ажиллаж, сурч байсан эсэх зэрэг холбоотой мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт явуулаад байгаа. Тайланд улсын Консулын газраар дамжин мэдээлэл ирсэн даруйд нь хэвлэлээр мэдээлнэ” гэв.
Малайз улсад өдгөө хүн 350 монгол хүн амьдарч байгаагаас тав нь суралцаж, 255 нь ажиллаж байгаа бөгөөд 2015 он гарснаас хойш тус улсад нэг монгол иргэн нас барсан байна. Мөрдөн байцаагч Азми Аву Кассим Тайланд дахь Монгол улсын элчин сайдын яамныхан ажилтнуудад “Сэжигтнүүд Малайзын иргэн, бизнесмэнийг онилон буудсан боловч дэргэд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархдсан байж болзошгүй. Уг бизнесмэн өмнө нь ч бусдын халдлагад өртөж, бууны суманд оногдож байсан. Тиймээс уг хэрэг өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай” гэх мэдээллийг утсаар өгчээ.
Хохирогч эмэгтэй Малайзын нийслэлд ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй төдийгүй ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл ч одоогоор олдоогүй байгаа гэнэ. Мөрдөгчид овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авч, дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Хэрэг гарах үед цуг явсан хятад гаралтай эр “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзид юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хохирогч бүсгүйн биеийн байдал муу, одоогоор ухаангүй байгаа бөгөөд биед нь байгаа хоёр сумыг авах эсэхийг эмч нарын зөвлөлгөөнөөр ярилцаж шийдэхээр болжээ.