УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.06.16/Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өргөн барив. Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд суртачилах зорилгын хүрээнд дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа аж. Энэ бүтээлийг эх нутагтаа авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан суртачилахад томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар боловсруулсан байна.