Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Гацууртын энэхүү ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан юм. Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид гишүүдэд танилцууллаа. Засгийн газраас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаарын захирамжаар Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээг 2015 оны 3 дугаар 25-наас хойш 2 сарын хугацаанд хийсэн байна. Яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлжээ.
Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа юм байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд Гацууртын ордоос орж ирэх нийт татвар, мөнгөн урсгалын талаар тодруулж байлаа. Түүнчлэн Ноён уулыг хамгаалах талаар хэрхэн ажиллахыг лавласан. Тус ордыг ашиглалтад оруулснаар Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 265.6 сая ам.доллар болох юм байна. Төслөөс нийт 451.6 сая ам.долларыг татвар хэлбэрээр авах бөгөөд үүний 139.4 сая ам.доллар нь ашигт малтмалын нөөц ашигласны, 57 сая нь орлогын албан татвар байна хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ. Тэрбээр мөн Ноён уулыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хэмээн гишүүдэд дуулгасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллан Ноён уултай холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан гэлээ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачилсан Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэрийг гаргасан гэж сайд хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Одонтуяа нар Гацууртын ордыг ашиглахтай холбоотой асуудлаар нийгэмд зөв ойлголт өгөх нь зүйтэй гээд энэ талаар ямар ажил хийж байгаа талаар асууж байлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдэгийн судалгаа хийлгэсэн эсэхийг мөн тодруулсан.
Уул уурхайн сайдын хариулснаар, Ноён уулын асуудлаар мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй ТББ-уудтай хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль болох зөв мэдээллийг түгээхийг чармайн ажиллаж байгаа юм байна. Гацууртын ордын орчим байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхэд тэр орчны газарт цэвдэгтэй болох нь тогтоогдоогүй хэмээн тэрбээр хариулсан юм. Ингээд гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.