Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү уншиж сонсгосон юм. Ажлын хэсэг нийт 4 удаа хуралдаж хуулийн төслүүдийн талаар олон улсад хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн зохицуулалт, практикт хэрэглэгдэж байгаа туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон шаардлагатай бусад судалгааны материалуудад дүн шинжилгээ хийж ажилласан хэмээн ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллахдаа Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороод, гишүүдээс болон холбогдох бусад байгуулага, албан тушаалтнаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, судлаж хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай зарчмын саналуудыг тусгасан байна. Тухайлбал, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4 дүгээр ерөнхий зөвлөмжид урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох тухай заасан байдаг. Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх онцгой харъяалалтай бөгөөд шүүхээс бусдын хувийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахаас өмнө захиргааны журмаар албадлага хэрэглэх ёсгүй. Ийм учраас хуулийн төсөлд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог чухалчлан, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зүйл, хэсэг, заалт нэмж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах газар, байр, сууцаар хангах асуудлыг тэднийамьдарч, ажиллаж байсан орчин нөхцлөөс дордуулахгүйгээр шийдвэрлэхүүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээх, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийтийн ашиг сонирхол, цаашлаад төслийг дэмжихгүй байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эдийн засаг, нийгэм, соёлын эрх (эмнэлгийн тусламж авах, аюулгүй байдлаа хангуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах) зэрэг асуудлыг хангах зорилгоор “тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэгчээс нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахзамаар уг асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Засаг захиргааны нэгж дэх суурин газар буюу бүсийн хөгжлийн тулгуур төв, аймаг болон сум, дүүрэг зэрэг суурин газруудыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулахтай холбоотойгоор засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн оролцоог хангаж сум дүүргийн Иргэдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Хуралдаанаар ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй нийт 31, найруулгын шинжтэй 10 саналын томьёллуудаар санал хураалт явуулан, чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.