Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2015.06.16/ Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх байсан ч уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Ийнхүү МАН-ын бүлэг завсарлага авсан нь нэлээдгүй маргааныг дагуулсан юм. Тухайлбал, гишүүн Д.Арвин, энэ хуулийн төсөл бодит амьдралаас урган гарсан, олон мянган иргэд, эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байгаа асуудал. Иймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулж болохгүй. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга завсарлага өгнө гэж болохгүй. МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаа юм бол бид энэ асуудлыг хэлэлцтэл дараагийн байнгын хорооны хуралд суухгүй. Баянзүрх дүүрэг гэхэд л 30 гаруй хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах гээд энэ хууль батлагдахыг хүлээгээд сууж байна. Энэ хуулийг хүлээж байгаа хүмүүст юу гэж хэлэх юм бэ. Энэ бол хэн нэгнээс гаргасан хуулийн төсөл биш, ард түмнээс гарсан санал. Ингэж иргэдийн хүсэл, эрмэлзлийг хааж боож болохгүй. Хуулийн төсөл энэ намраас хэрэгжиж эхлэх ёстой. Тийм учраас МАН хамтарсан засгийн газарт байгаа бол үүнийгээ болих хэрэгтэй. Эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг мөн хүлээж байгаа гэсэн бол гишүүн З.Баянсэлэнгэ, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдээд явчихсан. Чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх шатанд маргаантай асуудлууд гарснаар ажлын хэсэг дахиж хуралдаад байнгын хороо анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан. Иймд байнгын хорооны хурал хуралдааны дэгээ зөрчөөд байна. Шууд чуулганы нэгдсэн хуралдаанд орох асуудал байсан. Есөн сарын нэгэн удахгүй болно. Энэ асуудлыг хойшлуулахгүй хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Байнгын хорооны дарга Д.Батцогт өгсөн тайлбартаа, чуулганаар анхны хэлэлцүүлэг явуулах үед байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийлгэхээр буцаах саналыг гишүүд гаргасан. Ингэснээр ажлын хэсгийг өөрчилж шинэчилж байгуулаад дахиж ажилласан. Хуралдааны дэгийн дагуу аль ч нам, эвслийн бүлэг чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах эрхтэй. Иймд дэгээрээ асуудлыг шийдэх нь зүйтэй гэв.