Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2015.06.16/ Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар танилцуулав. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг амжилттай хэрэгжүүлсэн Америк, Герман, Их Британи, Малайз зэрэг хөгжингүй орнууд болон ОХУ, Казахстан, Украйн зэрэг хөгжиж буй орнууд энэхүү зах зээлийг хөгжүүлэхдээ дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох үүднээс тэтгэврийн сан, даатгалын сан зэрэг салбарыг амжилттай ашиглаж байгаа юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк, санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгалаар бий болох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг бөгөөд зээлийн санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээлгүйгээр хөрөнгийн шинэ эх үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж, хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.