Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2015.06.16/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Эрүүл мэндийн тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Насанбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын дарга Р.Бурмаа, Нийгмийн халамжийн тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн нар танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Оюун, С.Дэмбэрэл, А.Тлейхан нар асуулт асууж, тодруулга авлаа. Гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжилт тодорхой чиглэлээр урагшилж байгаа ч шийдвэрлэх асуудлууд байгааг хэлсэн юм. Тухайн эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрснийг оношилдог ч цаашид хаана хандах, хэрхэн эмчилгээ хийлгэх чиглэл өгөгдөхгүй байснаар цаг алддаг тохиолдлууд байгаад анхаарах хэрэгтэй. Мөн хувьсах зардал гурав дахин нэмэгдсэн гэж байгаа ч тэр нь харагдахгүй байгаа. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургууль болгоноор явж тоог нь гаргах шаардлагатай. Цаасан дээр болоод байгаа юм шиг харагдаж байгаа ч бодит амьдралд ямар байгаад дүн шинжилгээ хийх, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, сургах асуудалд анхаарал хандуулахыг анхааруулав.