Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцууллаа. Тэрээр, энэ төслийг анх 2014 оны 10 дугаар сард өргөн барьсан. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтворжуулалтын тухай хууль болон даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсон, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс төслийн нэр томъёо, хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой саналууд гарсаны дагуу хуулийн төслийг дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн дахин боловсруулсан болохыг гишүүдэд дуулгасан. Танилцуулгатай холбогдуулан Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд хууль санаачлагчаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн, дахин оруулж ирж байгаа хуулийн төсөлд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгасан эсэхийг лавлаад, санг удирдах байгууллага ямар хэлбэртэй байхаар төлөвлөж байгаа тухай асуув. Түүний асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Төсвийн байнгын хороогоор санал хураалгах явцад дэмжигдсэн ажлын хэсгийн гаргасан бүх саналуудыг тусгаж хуулийн төслүүдийг боловсруулсан. Санг удирдах бүтэц механизмын хувьд сонгодог компанийн хэлбэрээр буюу бизнес, улс төрийн нөлөөллөөс ангид бие даасан хөрөнгийн компани байхаар тусган оруулж ирсэн хэмээн хариулав. Ингээд гишүүдийн асуултанд хариулж, хуулийн төсөлтэй холбогдуулан тэдний байр суурийн талаар сонссоны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.