Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан дөрвөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд ямар нэгэн санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдаанд оруулахыг санал нэгтэй дэмжсэн. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд ажлын хэсгээс ямар нэгэн тодруулга аваагүй юм. Харин Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарын гишүүд, цагаа олоогүй хууль, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед татвар нэмнэ гэдэг буруу бодлого юм. Энэ хууль батлагдсанаар төсөвт хөрөнгө нэмж бүрдүүлэх бус сөргөөр нөлөөлөх вий. ААН-үүдийн орлого багассан, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед татвараар дарамт нэмэх нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Хэдийгээр зарим гишүүд татвар нэмэхийг эсэргүүцэн үг хэлж, Засгийн газрын бодлогын талаар шүүмжилж байсан ч хуралдааны төгсгөлд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.