Засгийн газрын уржигдрын хуралдаанаар ТӨХ-ны даргаар Ц.Нанзаддоржийг томилжээ. Ингэснээр тэрбээр ТӨХ-г гурав дахь удаагаа толгойлж байгаа юм. Түүнийг анх 2012 онд энэ байгууллагын даргаар томилсон ч “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Ерөнхий сайдад мэдэгдэлгүй халсан хэмээн Засгийн газар 2013 оны хоёрдугаар сарын эхээр албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатарыг томилсон билээ.
Үүний дараа Ц.Нанзаддорж хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар заргаа авч, 2015 оны нэгдүгээр сарын 20-нд ТӨХ-ны даргаар буцаж ирсэн. Гэвч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тухайн үеийн дарга Л.Пүрэвбаатарт 2015 оны гуравдугаар сарын 27-нд илгээсэн 1а/812 дугаартай албан бичиг нь олон нийтэд ил болж, асуудал дэгдсэний дараахан учир битүүлгээр ажлаа өгсөн.
Тухайн үед “Ц.Нанзаддоржийг дарамталж өргөдлийг нь өгүүлсэн”, “Сайн дураараа ажлаа өгсөн” зэргээр өөр өөр мэдээлэл гарч байлаа. ТӨХ-ны даргын албан тушаалаас хууль бусаар халлаа хэмээн шүүхэд хандаж байж ажилдаа эргэж очсон хүн гэнэт яагаад өргөдлөө өгөх болов гэсэн асуулт тухайн үед гарсан ч үүнд Ц.Нанзаддорж ямар нэгэн хариулт өгөөгүй.
Засгийн газар шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг буцаан томилсон гэж буй. Тэгэхээр Ц.Нанзаддорж халагдах өргөдлөө өгсөн үү, халагдсан уу гэдэг нь тодорхойгүй үлдэв.
Х.ЭРХЭМ