Францын улстөрчдөөс Лагардыг АНУ-д өндөр үнэлдэг байна. Хямралын үед тэрбээр Америкт Сангийн сайд Тимоти Гейтнертэй хамтарч ажиллахдаа туршлагатай дипломатч, мэргэжлийн өндөр чадвартай хүн болохоо харуулсан аж. Лагард улс төрд хөл тавихаасаа өмнө Америкт хууль зүйн “Baker and McKenzie” гэдэг томоохон фирмийг зургаан жил удирджээ. Түүний ажиллах арга барил нь франц эмэгтэй гэхээсээ илүү тууштай, аливаад яс ханддаг америк эмэгтэйг санагдуулах бөгөөд хуулийн ч, санхүүгийн ч салбарт олны хүндэтгэл хүлээж чаддаг байв. ОУВС-гийн ерөнхий эдийн засагч байсан Кеннет Рогофф түүнийг “бусдаас тод ялгардаг, хүчтэй хүн” гэж үнэлсэн байдаг. Дэлхийн томоохон санхүүгийн арга хэмжээн дээр хүмүүс түүнд “рок од” шиг ханддаг юм гэж тэрбээр хэлж байжээ. Санхүүгийн салбарын ирээдүйн од маань 1956 онд Парис хотод их сургуулийн багш нарын гэрт төрсөн байна.
Кристин багаасаа спортын зам мөр хөөхөөр шийдэж Францын уран сайхны сэлэлтийн шигшээ багт орж, улсынхаа аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Эцэг нь эрт нас барснаас спортоо орхив. Тэрбээр 17 настай байхдаа сурагч солилцдог хөтөлбөрт хамрагдан АНУ-д нэг жил болжээ. Парист их сургууль төгсөв. Тэгээд дээр өгүүлсэн хуулийн зөвлөгөө өгдөг, дэлхийд нэртэй том компани болох “Вaker and McKenzie”-д ажиллав. Чикагод байдаг тус компанид Кристин нийтдээ 25 жил ажилласан бөгөөд 1999 онд анхны эмэгтэй захирал нь болсон байна. Тус компанийн эргэлтийн хөрөнгө хоёр дахин нэмэгдэж 2004 онд нэг тэрбум ам.долларт хүрчээ. “Wall Street Journal Europe” сэтгүүл Кристин Лагардыг 2002 онд Европын хамгийн ажил хэрэгч бүсгүйчүүдийн жагсаалтын тавдугаарт оруулав. 1995-2002 онд Олон улсын стратегийн судалгааны төвд ажиллахдаа Збигнев Бжезинскийтэй хамт нэг комиссыг нь толгойлж байв. Тэгж байтал Францын Ерөнхий сайд байсан Жан-Пьер Раффарен түүнийг Францдаа эргэн ирж улс төрийн ажил эрхэлж албан тушаалын шатаар өгсөх үйлсдээ эргэлт хийхгүй юү гэсэн санал тавилаа.
Ингээд Францдаа ирж шинэ Засгийн газарт нь Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн даргаар ажиллалаа. 2007 онд Ерөнхий сайд Николя Саркози түүнийг Эдийн засаг, санхүүгийн сайдаар томилов. Энэ албанд урьд нь эмэгтэй хүн ажиллаж байсангүй. Лагард америк маягийн шулуухан зангаараа олон хүний гайхлыг төрүүлдэг байв. Сайд болоод хэдхэн сар болж байхдаа “Бензиний үнэ өндөр байхад францчууд дугуй унавал таарна” гээд олон түмэнд хандаад хэлчихэж байсан удаатай. Сэтгүүлчид түүнийг Мария Антуанеттатай зүйрлэдэг. Энэ эмэгтэй “Талх ховор байгаа бол боов иднэ биз” гэж хэлж байсан гэдэг. Парист болсон нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Францын Сангийн сайд Кристин Лагард ОУВС-гийн тэргүүнд нэрээ дэвшүүлж буйгаа зарлалаа. Тэрбээр энд хэлэхдээ “Хэрэв намайг захирлаар нь сонговол ОУВС-гийн ажилд өмгөөлөгч, сайд, менежерийн, эцэст нь эмэгтэй хүний туршлагаа нэвтрүүлнэ” гэсэн юм.
Хүмүүс эдгээрээс “эмэгтэй хүний...” гэдгийг нь хамгийн чухал нь гэж үзэж байв. Эр, эмийн харилцаатай холбоотой хэрэгт орооцолдсон Доминик Стросс-Кан огцорч буй нь тодорхой болмогц оронд нь Лагардын нэрийг энэ албанд дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа Европын холбооны нөлөө бүхий орнууд мэдэгдэж эхлэв. Ингээд ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөлд Европын орнуудад ногддог 35 хувийн санал Лагардад бэлэн байлаа. ОУВС-гийн тэргүүнээр европ хүн томилохгүй байхыг БРИКС-ийн орнууд уриалж, Лагардыг эсэргүүцэж байв. Хөгжиж буй орнуудын эсэргүүцлийн хариуд тэрбээр сонгуульд миний яс үндэс сайнаар ч, муугаар ч нөлөөлөхгүй байх аа гэж хэлж байжээ. Эцэст нь 17 хувийн саналын эрхтэй АНУ-аас бүх юм шалтгаалах байтал тэндээс салхи ч үгүй, хур ч үгүй байлаа. Лагард Францын хамгийн нэр хүндтэй сургууль төгссөн нь улс төрд ч, бизнест ч амжилт олоход нь маш чухал үзүүлэлт болсон байна.
Бага залуудаа Америкт богино хугацаанд ч болов суралцаж байсан үеэс төрсөн бодлоо лавшруулж Америк орныг судалж, Парист хуульч болсон аж. Тэрбээр Францын компаниудад ажиллахаас татгалздаг байсан нь 1980-аад онд тус улсад эмэгтэй хүн яаж ч зүтгээд эрэгтэй хүнтэй эн зэрэгцэх боломжгүй байсантай холбоотой байв. Лагард ийн дурссан байдаг. Тэгвэл “Вaker and McKenzie” их өөр, залуу эмэгтэй хүн, залуу эхчүүдэд тун боломжийн ханддаг байв. Энд байхдаа л Лагард 1987, 1989 онд хоёр хүүхдээ төрүүлсэн бөгөөд энэ нь түүний албан тушаал, ажилд ямар нэг сөрөг нөлөө огт үзүүлээгүй аж. 1987 оноос Лагард нэг гартаа угж, нөгөө гартаа хуулийн эмхтгэл бариад ажилладаг байжээ. 1991 оноос компанийнхаа Парис дахь салбарыг нь удирдах болов. 1995 онд Чикаго дахь гүйцэтгэх хороонд нь ажиллаж, улмаар 1999 онд түүнийг толгойлох боллоо. Санхүүгийн хямралын бүхий л цаг үед ажлаа хийсээр Лагард мэргэжлийн хийгээд нэр хүндийн шалгалт сорилтыг гялалзтал давж гарсан юм.
Хүнтэй хэл амаа ололцохдоо гойд тэрбээр Европын холбооны болон “Их 20”-ийн орнуудын санхүүг барьдаг хүмүүсийн ихэнхтэй нь сайн харилцаатай байжээ. 2009 онд хямралаас хохирол амссан Европын орнуудад тусламж үзүүлэх 750 тэрбум еврогийн сан байгуулахад Лагард чухал үүрэг гүйцэтгэв. “Financial times” сонинд тэгээд түүнийг тухайн “оны Сангийн сайд” болгосон юм. Лагард өөрийгөө англосаксоны либерализмын талыг баримтлагч гэж үздэг ч Засгийн газрын бүрэлдэхүүнд байхдаа Ерөнхийлөгч Николя Саркозигийн эдийн засгаа хамгаалах тактикийг дэмжин буулт хийхэд олонтаа хүрдэг байв. Хөдөө аж ахуйн сайдаар богино хугацаанд ажиллахдаа үйлдвэрлэгчдээ хамгаалах чиглэлээр нэлээд арга хэмжээ авсан байдаг. Цалинг нэмэгдүүлэв. Хямралын үед санхүүгийн секторт төрийн зохицуулалтыг хүчтэй болгохын төлөө тэмцэв. Одоо болохоор ажиглагчид түүний “Судсаар нь социалист цус гүйсэн либерал” гэж нэрлэдэг юм.
Кристин Лагард сэтгүүлчидтэй уулзахаас бэргэдэггүй гэгддэг. Хурц, эгзэгтэй асуултаас цэрвэхгүй, харин ч улстөрч биш хуульч хүний үүднээс тодорхой, ажил хэрэгч хариулт өгнө. “Би нэр хүндийн шатаар өгсөх замаа спортоос эхэлсэн, хамгийн хэцүү түвэгтэй үед ч хүчтэй байхад минь спорт надад одоо ч тусалж байдаг” гэж тэрбээр хэлдэг байна. Кристинийг 17 настай байхад эцэг нь өөд болж эх нь дөрвөн хүүхэдтэй үлдсэн болохоор сурахын зэрэгцээ амьжиргаандаа нэмэр болохоор зах дээр загас цэвэрлэх, хувцас зарах ажил хийж явжээ. Ингээд спортоос эрт салахад хүрсэн ч түүний ул мөр үлдсэн аж. Лагард өглөө бүр 20 минут йогийн дасгал хийнэ, архи дарс амсахгүй, мах идэхгүй. Лагард Чикагод байхдаа 35 үндэсний 4800 ажилтнаа, түүний дотор 2300 өмгөөлөгчөө хэнээс ч дутахгүй удирдаж, 2005 онд түүнийг Франц явах болоход фирм нь 1.228 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй болсон байжээ.
Сард бонусаас гадна 40 мянган евро авдаг байсан бол Францдаа ирж сайд болсноор цалин нь дөрөв дахин багассан байна. Гэлээ ч тэрбээр Америкт албан тушаалынхаа дээд гишгүүр дээр гарч, цааш явах газар байхгүй болсон тул түүнд өөр газар, өөр ялалт хэрэгтэйг ухаараад Францдаа эргэж ирэв. Тэгээд хоёр жилийн дотор гурван сайдын суудалд суужээ. 2008 онд дэгдсэн хямралын үед далай гатлан хэчнээн ч удаа нисэв, бас Европоор нааш цааш мөн ч олон явлаа. Нэг өдөр амарч үзсэнгүй. Нүд хамхилгүй 3-4 хонож байсан удаа ч бий. Нөхөд нь түүнийг “робот шиг ажилладаг, бас цэрэг шиг дэг журамтай” гэлцэнэ. Лагардын цуцашгүй чанар, бусадтай ойлголцох чадвар Франц улс хямралыг тэсэж гарахад, түүгээр ч барахгүй бага ч гэлээ эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхэд тус болсон гэж шинжээчид үздэг. Саркозигийн Засгийн газрын явуулсан эдийн засгийн үлбэгэр бодлогын хариуцлагын хүндийг өөртөө үүрсэн ч хатагтай Лагард хүн ардынхаа дотор өндөр нэр хүнтэй болж үлдсэн байна.
Лагардыг олон хүн төдийгүй олон улс дэмжиж байсан. ОУВС-гийн тэргүүн болоход тээг болох нэг л зүйл байсан нь “Тапигийн хэрэг” гэгч байлаа. Энэ явдал 1990-ээд оноос эхтэй бөгөөд өөрийнх нь мэдэлд байсан “Adidas” компанийг худалдахдаа “Gredit Lyonnais” банк хэтэрхий хуншгүй хандсан гэж бизнесмен Бернар Тапи үзээд анхны эзэмшигчийнх нь хувьд түүний орлогоос хувь хүртэхээр шийджээ. 2007 онд Лагардыг Эдийн засгийн сайд байхад энэ хэрэг явдал болсон бөгөөд түүнд Лагард хошуу дүрсэн, авлига аваагүй юм гэхэд тэрбээр албан тушаалын байдлаа ашигласан гэж “дайснууд” нь үзсэн аж. Гэтэл шинжээчдийн үзсэнээр прокурорын байгууллагаас Лагардын эсрэг хийсэн дайралт явж явж Францын Ерөнхийлөгчийн өөдөөс гар далайсан явдал байв.
Лагард болохоор өөрийгөө улсынхаа эрх ашгийн үүднээс хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байлаа. Гэлээ ч ОУВС-гийн Захирлуудын зөвлөл түүнийг 2011 оны зургадугаар сарын 28-нд байгууллагынхаа тэргүүнээр сонгож орхив. Ийнхүү 1944 онд үүсгэн бий болгосон олон улсын энэ байгууллагыг Лагард таван жил удирдах болсон юм. Кристин Лагард энэ үед 55 настай байлаа. Тэгэхдээ энэ албанд түүнээс гадна Мексикийн Төв банкны тэргүүн Августин Карстенсийн нэр бас дэвшээд байсан юм. Гэвч түүнийг хэтэрхий хуучинсаг үзэлтэй гэж үздэг байв. Тэгээд ч Дэлхийн банкийг америк, ОУВС-г европ хүн удирдсаар ирсэн байлаа. Лагардын нэн тэргүүний зорилт нь Европ, Ойрхи Дорнод болон Умард Африкийн орнуудын эдийн засагт тулгарсан бэрхшээлийг давах арга замыг эрж хайх явдал байлаа. Үүнийг Лагард шийдвэрлэж чадна гэдэгт ч шинжээчид эргэлзсэнгүй.
Лагард өөрөө ч уг албанд сонгогдмогцоо хийсэн мэдэгдэлдээ “ОУВС-гийн хуучных нь шийдмэг, залгамж чанарыг үргэлжлүүлнэ” гэсэн байдаг. Түүний үгээр бол эдийн засгийн дорвитой, тогтвортой өсөлтийг хангаж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд тус сан эрчимтэй, үр ашигтай, ухаалаг ажиллах ёстой байлаа. ОУВС-гийн төв байр Вашингтонд байдаг. Түүний захирал жилд 467.940 ам.долларын цалин авна. Мөн зардалд нь зориулж түүнд жилд 80 мянган ам.доллар нэмж өгнө. “Та жил бүр 83.760 ам.долларын тэтгэмж авна. Сангийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг бас олгоно” гэж гэрээнд нь заасан байдаг аж.
ОУВС-гийн тэргүүн гэрээнд заасны дагуу аль ч улсын Засгийн газрын төлөөний хүмүүсээс бэлэг, мөнгө авахыг хориглодог. Мөн Сангийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа Захирлуудын зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг улсын шагнал хүртэж болохгүй. Харин ямар нэг намын гишүүн байж, түүндээ юм уу нэр дэвшигч хувь хүнд хандив өгч болох боловч намын нэрээр зохиож буй аливаа арга хэмжээ, жагсаал, цуглаанд оролцож, намд удирдах алба хашиж болохгүй аж.
Р.ЖАРГАЛАНТ