Одоогоос есөн жилийн өмнө загвар өмсөгч Ш.Алтантуяаг ууланд аваачин, биед нь байлдааны тэсрэх бөмбөг зүүж дэлбэлсэн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Уг хэргийг мөрдөх, шүүх ажиллагаа олон жил сунжирсны эцэст энэ оны эхээр эцэслэн шийдвэрлэгдсэн ч хэргийн гол буруутан, захиалагч Багинда хил даван зугтсан. Харин хэргийг үйлдсэн Азиллах Хадри болон Сирул Азхар Умар нарт анхан шатны шүүх цаазаар авах ял оноосныг хэвээр үлдээхээр Малайзын Холбооны улсын Дээд шүүх шийдвэрлэсэн юм. Хамгийн эмгэнэлтэй нь монгол бүсгүй Малайзад бусдын гарт зэрэмдэглүүлэн амь үрэгдсэн тохиолдол үүгээр зогссонгүй. 2013 онд Б.Энхтуяагийн цогцос сийчүүлж, дүүжлүүлсэн байдалтай олдсон бол өнгөрөгч дөрөвдүгээр сард Куала Лумпур хотын Таман Малури дүүрэгт 29 настай монгол бүсгүй зургаан давхар байрнаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хэдийгээр гэрч болон цагдаагийн байгууллагынхан дээрх хэргүүдийг амиа хорлолт байх магадлалтай хэмээн мэдээлсэн ч Б.Энхтуяагийн цогцос сийчүүлж, дүүжлүүлсэн, Таман Малури дүүрэгт байрнаас унаж нас барсан эмэгтэйн байрлаж байсан гэрийн эд хогшил эвдэрч хагарсан, хөршүүд нь хэрэг гарахын өмнөхөн гэрээс нь хүн хашгирах чимээ сонсогдсон хэмээн мэдүүлснээс үзэхэд гаднын халдлагад өртсөн гэж ойр дотнынхон нь үзэж буй. Уржигдар буюу зургадугаар сарын 15-ны орой Малайзын нийслэлд монгол бүсгүй цээжиндээ дөрвөн удаа буудуулсан хэрэг гарсан нь тус улсад монгол бүсгүй халдлагад өртөж хохирсон дөрөв дэх тохиолдол. Хохирогч бүсгүй өдгөө 26 настай бөгөөд хэрэг гарах үед бизнес эрхлэгч Сибу хэмээх найз залуугийн хамт “Тоёота Ланд круизер” маркийн машинтай Куала Лумпур хотын Дамансара дүүргийн Бандар Утама хороололд явж байсан аж.
Хэрэгтнүүд зогсоолд түр байрласан машин руу гал нээж эхлэх үед ойролцоо явж байсан мотоцикльтэй эр тэднийг шахсаны ачаар бүсгүй амьд үлдсэн хэмээн Малайзын http://www.shameonyou.buzz/ цахим хуудаснаа мэдээлжээ. Цагдаа нарын өгүүлж буйгаар гал нээх үед жолоо барьж явсан Сибу утсаар ярьж байсан бөгөөд сэжигтнүүд жолоочийн хажуугийн онгорхой цонх руу найман удаа буудаж, дөрөв нь хохирогч бүсгүйн цээж, мөрийг оносон байна. Сэжигтнүүд гал нээснийхээ дараа замын хажууд зогсох үед 17.45 цаг болж байсан бөгөөд тэд төд удалгүй цааш хөдөлсөн хэмээн гэрчүүд мэдүүлсэн аж. Малайзын Куала Лумпур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ “Сэжигтнүүд есөн мм-ийн калибрийн буугаар гал нээсэн гэж гэрчүүд тодорхойлсон.
Өс хонзонгийн сэдэлтэй гэмт хэрэг байж болзошгүй” хэмээжээ. Хохирогч бүсгүй Малая их сургуулийн анагаах ухааны төвд эрчимт эмчилгээ хийлгэж буй хэмээн Малайзын “The Sun” сонин мэдээллээ. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр “Малайз улсад манай Консулын газар байдаггүй тул Тайланд дахь Консулын газар Малайзад амьдарч буй монголчуудын асуудлыг давхар хариуцан ажилладаг. Бидэнд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл одоогоор алга байна. Халдлагад өртсөн эмэгтэй тухайн улсад хэзээ очсон, ажиллаж, сурч байсан зэрэг мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг (Тайланд улс дахь Консулын газарт хандаж) явуулаад байгаа. Тайланд улсын Консулын газраар дамжин мэдээлэл ирсэн даруйд хэвлэлээр мэдээлнэ” гэв. Малайз улсад өдгөө албан ёсоор 350 монгол хүн амьдардагийн тав нь суралцаж, 255 нь ажиллаж байгаа бөгөөд 2015 он гарснаас хойш тус улсад нэг монгол эмэгтэй нас барсан нь өндрөөс унаж амиа алдсан.
Мөрдөн байцаагч Азми Аву Кассим Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнуудтай утсаар холбогдож “Сэжигтнүүд Малайзын иргэн, бизнесмэнийг онилон буудсан боловч дэргэд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархадсан байж болзошгүй. Уг бизнесмэн өмнө нь ч бусдын халдлагад өртөж, бууны суманд оногдож байсан. Тиймээс уг хэрэг өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай” гэжээ. Хохирогч эмэгтэй Малайзын нийслэлд ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй, ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл ч одоогоор олдоогүй гэнэ. Мөрдөгчид овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас дэлгэрэнгүй мэдээллийг нь тодруулахаар ажиллаж буй юм байна.
Хэрэг гарах үед цуг явсан хятад гаралтай эр “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хохирогч бүсгүйн биеийн байдал муу, одоогоор ухаангүй бөгөөд биед нь байгаа хоёр сумыг авах эсэхийг эмч нарын зөвлөлгөөнөөр ярилцаж шийдэхээр болжээ.
О.УНДАРМАА