Мал аж ахуй, биотехнологийн сургууль болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн хоорондох мод буттай энэ газарт цэцэрлэг барих аж
“ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн дундах газарт хууль бусаар цэцэрлэг барихаар газар өрөмдөж байна” гэсэн мэдээлэл манай сонинд ирсэн юм. Учрыг тодруулахаар өчигдөр ХААИС дээр очив. Тус хоёр байгууллагын хоорондох газрын хэмжээ 1500 орчим ам метр аж. Энд Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн шинэ байр барихыг ХААИС-ийн ерөнхий захирал Т.Хэрүүга зөвшөөрснөөр асуудал үүсчээ. Мал эмнэлгийн хүрээлэн тус сургуулийн харьяа гэж явдаг ч үйл ажиллагаа, санхүүжилт, эзэмшлийн газар нь тусдаа юм байна. Тиймээс тэд эзэмшлийн газраа хамгаалж үлдэхийн тулд ХААИС-ийн захирал, 35 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нартай ам зөрж эхэлсэн нь энэ аж.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бямбажав “Манай эзэмшлийн газар дээр барилга барих гэж байгааг бид энэ сарын 10-нд л мэдсэн. Манайх зоонозын халдварт болон шимэгч өвчний чиглэлээр судалгаа хийдэг, улсын ганцхан байгууллага. Малаас хүнд халддаг зоонозын өвчний үүсгэгч, нян, вирус, цусны болоод бусад төрлийн шимэгч амьтны эх омгууд энд хадгалагдаж байдаг. Эдгээрийг өдөр тутмын шинжилгээ, судалгааны ажилдаа хэрэглэдэг. Ийм аюултай бүсэд хүүхдийн цэцэрлэг барьж болохгүй. Одоо биш юм аа гэхэд ирээдүйд хүүхдүүд халдвар авах, өвдөх өндөр эрсдэлтэй” гэж ярьсан бол тус хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Бид хүүхдүүдээс газраа харамлаагүй. Барилга барих гээд байгаа газарт хүрээлэнгийн бохирын шугам хоолой, худгууд бий. Мөн маш өндөр хүчин чадалтай, вирус идэвхгүйжүүлэх зориулалттай цөмийн рентген аппарат энд байрладаг.

Эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа ч нялх хүүхдүүдийг энд хүмүүжүүлэх нь зохисгүй” гэж ярив. Дээр дурдсан 1500 ам метр газрын тал нь эднийх юм байна. Газрын гэрчилгээ, кадастрын зургаа бидэнд харуулсан. Аж ахуйн албаны менежер Х.Валя “Цэцэрлэгийн шинэ барилгын зураг төслийг гаргасан “Өрх” компанийнхан өчигдөр (уржигдар) геодизийн компаниар хөрсний судалгаа хийлгүүлэхээр ирэхэд бид эсэргүүцлээ илэрхийлсэн тул хашааны гаднах хоёрхон цэгээс дээж аваад буцсан. Энд барилга барьж болох, эсэхэд биологийн дүгнэлт гаргахдаа газрын төв хэсгийн дөрвөөс доошгүй цэгээс дээж авч, шинжлэх хэрэгтэй байдаг. Бид энд барилга барих гэж байгааг мэдсэн даруйдаа буюу энэ сарын 11-нд дүүргийн Засаг даргатайгаа уулзсан. Тэгтэл “Танайх ХААИС-ийн харьяа учраас захиралтайгаа зөвшилц. Зөвшөөрөхгүй гэсэн бичиг авчирвал 35 дугаар цэцэрлэгийн барилгыг Хан-Уулынхаа VIII юм уу IX хороонд шилжүүлж болно.
Хаа сайгүй л цэцэрлэг дутагдалтай байна” гэж хэлсэн. Үдээс хойш захиралтайгаа уулзахад “Био аюулгүйн бүс гэдгийг цэцэрлэгийн эрхлэгчид анхнаасаа хэлсэн. Тэгээд ч танай байшин нурж байгаа. Та нар тайван байж болно. Тэнд барилга барихгүй байх” гэсэн хариу өгсөн. Т.Хэрүүга захирлыг бичгээр хариу өгөхийг шаардсан ч одоо болтол ямар нэгэн тайлбар хийгээгүй л байна. Хамгийн инээдтэй нь 35 дугаар цэцэрлэгт манай газрыг эзэмшүүлээд гэрчилгээ өгчихөж. Нэг газрыг хоёр байгууллага эзэмшиж болдог юм уу. Бидний туршилт, судалгааны талбайг хүчээр дээрэмдэж байна” гэсэн бол Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Аж ахуйн албаны дарга О.Мөнхцэцэг “Манай судалгааны төв талбайд байгаа энэ хоёр хүлэмжид ургамлуудын эх үүсвэрүүдийг судалдаг. Зөгийн үүр энд олон байгааг та бүхэн харж байна. Энэ газрыг булаачихаар оюутнуудаа хаана дадлагажуулах болж байна аа.

Олон жилийн настай гацуур, монос, нарс, үрэл, үхрийн нүд, чацарганы суулгац ч бий. Энэ бүхнийг сүйтгэж болохгүй” гэж ярилаа. 35 дугаар цэцэрлэг тус хоёр байгууллагатай хаяа дэрлэн оршдог юм байна. Биднийг тус цэцэрлэгт очиход эрхлэгч Т.Бямбахорлоо байж таарав. Тэрбээр “Манайх 1959 онд 75 хүүхэдтэйгээр, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө Хан-Уул дүүргийн XI хорооны цэцэрлэгийн насны 1100 хүүхдийн дөнгөж 200 орчмыг нь л хамруулж байна. Гэтэл энд хувийн 29 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн өмнө цэцэрлэгийн байр маань мөөгөнцөртөхөд “Нурах аюултай, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан. Анх уг барилгыг барихад энэ хавьд ХААИС-иас өөр албан газар байгаагүй тул хоёр давхарт нь айлууд амьдардаг байсан юм билээ.
Одоо ч 28 айл байгаа энэ цэцэрлэгт ХААИС-ийн багш, ажилтнуудын хүүхдүүд явдаг. Тиймээс л сургуулийн захиралд хүсэлт гаргаж, дүүргийн ЗДТГ зөвшөөрснөөр газартай болсон. Хуучин барилгаа буулгаад шинээр барина гэхээр мөнгө их орох гээд байсан юм. 2013 онд газрын гэрчилгээгээ авсны дараа төсөв мөнгөө хоёр жил хөөцөлдсөний эцэст сая нэг нийслэлийн төсвөөс 1.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Одоо тендер зарлах ажил л үлдээд байна. Манайх мал эмнэлгийн хүрээлэнгээс 30 метрийн зайтай. 60 жил хөрш ажиллаж, амьдарлаа. Хүүхдүүд хордож байгаагүй. Агаар, ус сайтай тул ханиад томуу хүрэх нь харьцангуй бага. Шинэ барилгаа Мал эмнэлгийн хүрээлэнгээс 25 метрийн зайд барина.
Чанарын хувьд өмнөхөөсөө нэг их ялгаагүй. 20х44-ийн харьцаатай, хоёр давхар, 240 хүүхдийн багтаамжтай байх юм. 2016 онд ашиглалтад оруулчихвал хорооныхоо 500 орчим хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ” гэж ярив. Хаа хаанаа л энэ мэт зөрчил байгаа бололтой. Хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой тул мэргэжлийн байгууллагууд бодитой, үнэн зөвөөр асуудлыг нь шийдээсэй.
О.БАТ-УНДРАХ