“Налайх дүүрэгт амьдардаг миний эгчийн гэрт ахуйн гааз дэлбэрсний улмаас хоёр хүү нь ноцтой түлэгдэн, одоогоор биеийн байдал маш муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Ах нь дүрэлзэн асаж байгаа гал руу гүйн ороод орон дээр унтаж байсан дүүгээ энгэртээ тас тэврэн гарч иржээ. Дүү минь ухаан ороод тухайн үед болсон явдлыг нулимс урсган хэллээ. Дүү нараа ийм болсныг хараад зүрх минь үнэхээр шимширч байна.
Ахдаа тэврүүлсэн дүүгийнх нь хөл, бие түлэгдээгүй боловч ил гарсан нүүр болон зүүн гар нь түлэгдсэн. Харин ах нь 80 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал маш хүнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Иймд сэтгэл санаа болон бусад зүйлээр туслаач гэж сайхан сэтгэлт та бүхнээс хүсье” гэсэн мэдээллийг өчигдөр нэгэн эмэгтэй фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түлэгдсэн хоёр хүүхдийн ээж М.Болортуяатай энэ мэдээллийн дагуу холбогдсон юм.
Тэрбээр “Хүү минь дөнгөж сая эхний хагалгаанаасаа гарлаа. Гүн түлэгдсэн хэсэгт арьс нөхөх хагалгаа амжилттай болсон. Энэ сарын 10-ны 20.00 цагийн үед намайг ажил дээрээ байх үед манай гэрт гааз дэлбэрч, ийм аймшигтай явдал боллоо. Хоёр хүүхдээ эсэн мэнд байгаад баяртай байна. 16 настай хүү минь дэлбэрэлт болохыг хараад гэр лүүгээ гүйн орж, найман сартай дүүгээ галаас аварсан. Эмч нар гадаад улсад очиж эмчлүүлэхийг санал болгосон ч хүү минь яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсны дээр бид гадагшаа явах зардал мөнгөгүй тул эндээ эмчилгээ хийлгэж байгаа” гэв.
Гааз юунаас болж дэлбэрснийг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Амиа үл хайрлан дүүгээ аварсан ах болон наймхан сартай бяцхан хүүд туслахыг хүсвэл ХААН банкны 5018042275, Төрийн банкны 104300404218 тоот дансанд хандиваа хийгээрэй.
Ч.САРУУЛ