Гэртээ тоглож байсан 2-3 насны хүү гал тогооныхоо өрөөний цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 13.00 цагийн үед гарлаа. Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг “Алтай центр”-ийн баруун талын 12 давхар ногоон орон сууцны арваннэгдүгээр давхарт амьдардаг айлын бага хүү нь гэнэ.
Эцэг эх нь ажилдаа явж хүү, 70-аад насны эмээтэйгээ гэрээ сахин үлдсэн байж. Урин дулаан болж, цэцэрлэг сургууль амран хүүхдүүд гэртээ өндөр настай эмээ, өвөөтэйгөө гэрээ сахих юмуу ганцаараа цоожлуулан үлдэх тохиолдол олон.
Гэнэн томоогүй хүүхдүүд харгалзах хүнгүй үлдэх, эсвэл эмээ өвөөгөө ядраад түр дугхийх зуур эрсдэлтэй үйлдэл хийх, цонх тагтан дээр гарч харах, цахилгааны утас, галаар тоглох, гэртээ тоглож яваад халуун цай хоолонд түлэгдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа.
Тиймээс үр хүүхдэдээ болохгүй, аюултай зүйлсийг сайтар ойлгуулах, эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах, сургах зайлшгүй шаардлагатай болоод байна.