Олон улсын “Freedom Conservation” байгууллагаас устан алга болж буй ан амьтдыг хамгаалахад дэлхийн олон нийтийн анхаарлыг чиглүүлэх зорилгоор нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгууллаа. Дэлхийн хамгийн өндөр цамхаг “Бурж Халифа”-гийн дээвэр дээрээс камертай бүргэд хөөргөн Дубай хотын бичлэг хийжээ. “Даршан” нэрт бүргэд 829.6 метрийн өндрөөс бичлэг хийж, хамгийн өндрөөс зураг авсан шувууны түүхэн амжилтыг тогтоож, амжилттай газардсан байна.
“Freedom Conservation” байгууллага нь ЮНЕСКО, сайн дурын SOS (Save Our Species) сан болон байгаль орчныг хамгаалах “Global Environment Facility”, IUCN (International Union for Conservation of Nature) байгууллагатай хамтран ажилладаг. Эл арга хэмжээнд оролцсон “Даршан” бүргэдийг энэ жил хулгайн анчдын гараас сулласан бөгөөд зураг авалтын дараа байгальд нь чөлөөлөн тавьжээ. Дэлхийд алдартай шонхор сургагч Жак-Оливье Травер “Бүргэд сургахад хэцүү байлаа.
Өндөр цамхгуудын хооронд хүчтэй салхи үлээж байсан ч “Даршан” Дубай хотыг тойроод нэг километр холоос намайг таниад бууж ирсэн” гэж ярьсан байна. АНЭУ-ын Засгийн газраас устаж буй ан амьтныг хамгаалах олон улсын төслүүдийг ихэд дэмждэг. Учир нь тус улсын үндэсний бэлгэ тэмдэг ховордсон амьтны тоонд ороод байгаа бүргэд юм. Сүүлийн 30 жилд АНЭУ-д дархан цаазат 15 газар байгуулагдан, ан амьтан хамгаалах 100 гаруй төсөл хэрэгжүүлээд буй.
“Freedom Conservation” байгууллагын захирал, үүсгэн байгуулагчдын нэг Рональд Мензель “Энэ гэрэл зураг, видео бичлэгийн тусламжтайгаар бид бүр мөсөн сөнөх дөхөж буй ан амьтдад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг хүмүүст ухуулан ярих болно” гэж хэлжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ