Ч.ТУЯА
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, “Хамба” студи, Албан журмын даатгалын холбооноос хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний хууль дүрмийн мэдлэгийг сайжруулах, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох дадлыг зөв хэвшүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг хүргэх шторк, дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдааныг аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн дунд зарлалаа. Уралдаанд оролцогчид бүтээлээ ирэх сарын 25-ны 14.00 цагаас өмнө Замын цагдаагийн газрын 307 тоот өрөөнд аваачиж өгөх аж. Ирсэн бүтээлийг Замын цагдаагийн газрын Фэйсбүүк хуудсанд байршуулан иргэдээс хамгийн их санал (LIKE) авсан эхний 10 бүтээлийг шалгаруулан хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр олон нийтэд хүргэх юм байна. “Хамгаалах суудал, хамгаалах бүс”, “Согтуу жолооч”, “Явган зорчигч”, “Хурд”, “Хөдөлгөөний аюулгүй байдал” гэсэн сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэхээс гадна мэргэжлийн түвшинд хийгдсэн, HD форматаар хүлээн авах ба хугацаа 30 секундээс хэтрэхгүй байхаар багтаан, зохиомжилсон байх шаардлагатай аж. Сэдэв, бүтээл тус бүрт эхний гурван байрыг эзлүүлэн, тэргүүн байрт шалгарсан бүтээлийн эзнийг өргөмжлөл, 2.000.000 төгрөгөөр шагнах аж.