Охиноо удаа дараа зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарч олон нийтийг цочирдуулсан. Уг хэргийг шүүх хурал өнөөдөр цагдах хорих 461 дүгээр ангид нээлттэй болж буй. Өмнө нь хоёр ч удаа яллагдагч Г.Маралмаагийн биеийн байдал муу байгаа гэсэн шалтгаанаар хойшлогдсон шүүх хурал энэ удаад мөн л яллагдагчийн бие өвдсөнөөр түр завсарласан. Харин эмч нар үзлэг хийж 27 долоо хоногтой жирэмсэн Г.Маралмаа шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой хэмээн дүгнэлээ.
Шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ талийгаач охины эцэг, яллагдагч Д.Цогт “Ажилдаа явах үед охин маань Маралмаа эгч намайг зодно гэсэн, гэртээ харья гэж уйлдаг байсан. Эзгүйд минь охиныг зоддог байсан юм билээ. Цэцэрлэгт явдаг байсан бол охин минь өнөөдөр амьд байх байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдөр намайг барьцаалан зээлдүүлэх газар руу явсан хойгуур охин шатнаас унаж бэртсэн байсан. Тухайн үед эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд охиноо аваад харьж болох уу гэж эмч нараас асуухад шөнөдөө биеийн байдлыг нь сайн ажиглаж хоноорой гээд зөвшөөрсөн. Тэгэхдээ энэ бичиг баримтад заавал гарын үсэг зурах ёстой гээд зуруулсан. Харин 16-ны өдөр Маралмаа "Охин татаад байна" гэж утсаар мэдэгдсэн” гэв.
Түүнчлэн шүүх хурлын үеэр Д.Цогтын өмгөөлөгч 2014 онд охины ээж Б.Өнөржаргал охиноо өөр эмэгтэйд үрчлүүлэхээр гэрээ байгуулсан тухай өмнө дэлгээгүй шинэ баримт танилцууллаа. Шүүгдэгч Г.Маралмаад 20 жил, Т.Цогтод таван жилийн хорих ял төлөвлөжээ.