Ядарч яваа нэгэнд чадахынхаа хэрээр туслах, хог хаяхгүй байх, мод тарих гээд сайн үйлс хэн нэгэн, ямар нэгэн үйлдлээр хязгаарлагддаггүй. Тэд байгаль орчноо хамгаалах, аливаа гамшгаас сэргийлэх, аюул, эрсдэлийг бууруулах гээд олон салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэгвэл Монголын төдийгүй өөр олон орны сайн үйлс хийдэг залуус Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-нд чуулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт уг чуулганд Зүүн хойд Азийн 6 орон, олон улсын байгууллага, Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл оролцоно. Хэл, соёл, үзэл бодол, үндэс угсаа өөр сая сая залуусыг сайн үйлс, сайн дурын оролцоо нь нэгтгэж байна.
“Бид сайн дурын үйлсэд нэгдэж байна” хэмээх уриатай энэ олон улсын чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн, НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP) санаачлан зохион байгуулж буй юм. Чуулга уулзалтанд Ази-Номхон далайн Энхтайван, Хөгжлийн Төлөө Хөдөлгөөний дарга (APPDSA), НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP)-ны төлөөлөгч, Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, АСЕАН-ы хүндэт нарийн бичгийн дарга доктор Сурин Пицүван, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн Ерөнхийлөгч Ейчин Ли, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Шинэ Зеландын Крайстчэрч хотын сайн дурын хөдөлгөөний залуу зүтгэлтэн Сэм Жонсон болон БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Австрали, Балбын сайн үйлсийн манлайлагч залуучууд оролцоно. Энэ үеэр сайн дурынхныг чадавхижуулах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, хамтын хүчээ нэгтгэн, харилцан туршлага солилцоно.
Энхийн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, нийгмийн хөгжилд сайн дурын оролцоог нэмэхэд энэ чуулган шинэ түрлэг, шинэ давалгаа болно. Мөн чуулганаар орон орны сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид Улаанбаатараар аялж, мод услан, арчилж, эко ажил хийхээс гадна Монголын соёлтой танилцана.