“Улсын их дэлгүүр” компанийн хувьцаа эзэмшигчид компанийн ТУЗ, Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, нийт хувьцааны 38 хувийг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Тус компани нийт 36.8 сая ширхэг хувьцаатай. Үүний 61 хувийг “Номин холдинг”-ийнхон, үлдсэнийг нь 45.390 иргэн эзэмшдэг байна. “Улсын их дэлгүүр” компани жил бүр ашиггүй ажилладаг гэнэ. Учир нь “Номин холдинг”-ийн компанийн охин компани болох “Номин реалтор” компанитай ямар ч ашиггүй гэрээ хийсний улмаас байнга алдагдалтай ажиллаж байгаа гэж Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай хэлэв. Их дэлгүүрийг тус компанид түрээслүүлж ирсэн бөгөөд энэ онд таван тэрбум төгрөгөөр түрээслүүлэх гэрээ хийсэн байна. Түүнчлэн УИД нь “Номин холдинг” компанид 11 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Уг өрийг компанийн орлогоос төлөх боломжтой байдаг ч хэтэрхий өндөр хүүтэй учраас үүнийг дарахын тулд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг үнэгүйдүүлж, ногдол ашиг өгөхгүй байгаа аж. Иймээс дээрх байгууллагуудад хандан компанид ашиггүй түрээсийн гэрээг цуцлах, ТУЗ, түүний хараат бус гишүүд, гүйцэтгэх захирал нарт хариуцлага тооцох, ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн хүмүүс оруулах, “Улсын их дэлгүүр”-ийг хувьчилснаас хойших 16 жилд өгөх ёстой байсан ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд өгөх багтаж байна. Эдгээр шаардлагыг компанийн удирдлага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөлгүй таван сар өнгөрч байгаа гэнэ. Тэд энэ сарын 22-нд Их дэлгүүрийн өмнө суулт хийх гэнэ.