Жил бүр зургаан сая гаруй хүний аминд хүрч, улс орон бүрт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал үүсгэж буй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд “Глобаль” сангийнхны тус манайд үлэмж нэмэр болсоор ирсэн. Тус сангийн Монгол Улс хариуцсан багийн гишүүд өчигдөр төслийг хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, сургалт зохион байгууллаа. Манайх 2003 оноос хойш ХДХВ, ДОХ, сүрьеэ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тус сангаас нийт 54 сая ам.долларын санхүүжилт авсны 8.4 саяыг нь ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 2015-2017 онд зарцуулж байгаа аж. ЭМСЯ, ХӨСҮТ, БСШУЯ, ЭМХТ, ЦССҮТ, АШУҮИС зэрэг төрийн 12, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, “Залуус” эрүүл мэндийн төв, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн, Хүүхэд, өсвөр үеийг ивээх төв, ДОХ-той тэмцэх үндэсний сан, “Хамтдаа” төв зэрэг төрийн бус 28 байгуулага “Глобаль” сангийн төслүүдийг хэрэгжүүлдэг юм байна.