Канадын хөрөнгө оруулалтын “RBC Capital Markets” банк “Global Mining & Materials” хурлыг энэ сарын 16-17-нд АНУ-ын Бостон хотод зохион байгуулжээ. Энэ үеэр “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Жефф Тигесен илтгэл тавьсан байна. Тэрбээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдын хоорондын асуудлууд, тэр дундаа татварын маргааныг шийдвэрлэснийг дурдсан аж. Харин далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан санхүүжилт татаж, ТЭЗҮ-ийг баталж, Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай бусад зөвшөөрлийг өгөөгүй байгаа талаар мөн өгүүлжээ.
“Оюутолгой” компани үйл ажиллагааны зардалд энэ оны нэгдүгээр улиралд 218.9 сая ам.доллар зарцуулсан бол жилийн эцэст дээрх тоо нэг тэрбум “ногоон”-д хүрэхээр байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны үйл ажиллагааны мөнгөн зардал 905.6 сая ам.доллар байснаас өссөн үзүүлэлт юм. “Оюутолгой” компани энэ онд 175.000-195.000 тонн зэсийн агууламжтай баяжмал, 600.000-700.000 унци алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж буй билээ.
Ц.Болор