Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Баруунтуруун, Партизан, Нарийны хэсэгт байрлах, сүүний чиглэлийн үхрийн фермүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд байлцаж Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай санал бодлоо солилцжээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа төрөөс эрчимжсэн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого болон салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр яамнаас хийж байгаа ажлын талаар танилцуулжээ. Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг дурдаад, тус төсөлд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын тэжээлийн ургамал тариалах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах талаар тусгасан гэв.
Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход эрүүл ахуйн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл бүсэд эрхлэх, үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах ажлыг шат дараалан хийнэ. Эрүүл бүсийг бий болгож чадвал малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дөхөм үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Тэгвэл фермерүүд нэгдэн хоршоо байгуулах хүсэлтэй байгаагаа салбарын сайддаа дуулгажээ. Хоршоо болж нэгдсэнээр зээл тусламж авч дэвшилт техник тоног төхөөрөмжтэй болох аж. Ингэснээр хамгийн гол нь сүүний гарцыг нэмэгдүүлэх сайн талтай болно гэж үзэж буй юм байна.
Ц.Болор