АТГ-аас Хүүхдийн төлөө үндэсний газар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай нь танилцжээ. Энэ үеэр тус газрын дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авч байсан нь тогтоогджээ.
Мөн “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” тушаал гаргаж, уг арга хэмжээнд зарцуулах 13.5 сая төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрсөн байж. Ингэхдээ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолын хамааралгүй заалтуудыг үндэслэсэн гэнэ.
Тиймээс АТГ-аас Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад хариуцлага тооцох тухай мэдэгдлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хүргүүлсэн байна. Үүний дагуу С.Эрдэнэ сайд тушаал гарган И.Нарантуяагийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.
Г.РАВЖАА