Өвөрхангай аймаг энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 5670 га-д, орон нутгийн төсвийн мөнгөөр 400 га талбайд ойн хортон шавьж устгахаар ажилдаа гарчээ. Бат-Өлзий сумын нутаг дахь Орхоны хөндийн тусгай хамгаалалттай сав газар, Зүүнбаян-Улаан сумын Хүнгүйн мухар, Хужирт сумын Ханги зэрэг газарт долдугаар сарын 1 хүртэл хийх энэ ажилд үүрдэг шүршигч багаж ашиглаж буй аж. Ойн хортон шавьж хэдэн жил цөөрсний дараа эргээд хэт олширдог аж. Хэт үржих үе нь энэ жил тохиож байгаа гэнэ. БОНХАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс тус аймгийн ойд хөнөөлт шавьж хэр тархсаныг тогтоох зорилгоор 42.8 мянган га талбайд хоёр удаа судалгаа хийгээд “Хортон шавьжтай тэмцэх ажлыг 2015 онд зайлшгүй хийх шаардлагатай” гэж үзсэн юм байна.
Ойд хор цацах үеэр буюу энэ сарын 15-наас долдугаар сарын 5 хүртэл дээрх газруудад аялж зугаалах, мөөг, өвс ургамал түүх, мал бэлчээхийг хориглосныг уншигчдадаа сэрэмжлүүлье. Учир нь хүн, амьтан хордон, муужирч унах, харшил гарах эрсдэлтэй. Өвөрхангайн нутаг дэвсгэрийн 297.622 мянган га талбайг ой эзэлдэг агаад үүний 171.149 нь шилмүүст, 126.074 мянган га нь заган ой. Найман сумыг хамарсан 171 мянган га талбайн ой Хангайн нурууных. Энд ургадаг шилмүүст моддод Сибирийн хүр хорхой, якобсоны төөлүүрч эрвээхэй, бийр сүүлт эрвээхэй зэрэг хөнөөлт шавьж үүрлэн, модны үндэс, иш, навчийг идэж үхүүлдэг аж.