Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж, алсаас удирддаг болгохоор ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2011 онд "Тулга" нэртэй суурь систем боловсруулжээ. Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг интернэт сүлжээнд холбогдсон гар утас, компьютерээр хянаж, удирдах зориулалттай энэ системд
Улаанбаатар хотын 340 цэгт байрлуулсан удирдлагын шитийг холбоод буй аж. Үлдсэн 460 гаруй цэгт байгаа гэрэлтүүлгийн удирдлагын шитийг холбож дуусахад 2-3 жил шаардлагатай гэнэ. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийн удирдлагыг уг системд бүрэн холбожээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 50 цэгт байрлуулсан гэрэлтүүлгийн удирдлагын шитийг "Тулга”-д холбоход бэлэн болсон байна. Хотын бүх гэрэлтүүлгийг “Тулга”-аар удирдвал эрчим хүч 15 хувиар хэмнэнэ. Үүн дээр хүн хүч, цаг хугацааны зардал бас хасагдана. Ингээд нэг жилд 300 орчим сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.