Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор “Танд тусалъя” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, цусан дахь сахар болон ясны сийрэгжилтийг нь тодорхойлон, даралт, биеийн өндөр, жинг нь хэмжиж, эрүүл зөв хооллох чиглэлээр зөвлөгөө өгсөн байна. Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор заавал хэвшүүлэх 21 дадлыг өөртөө болон гэр бүлдээ хэрхэн хэвшүүлж, хэрэгжүүлэх талаар сургалт явуулж, эмийг зохистой хэрэглэх, дарамт ядаргаанаас яаж сэргийлэх талаар зөвлөмж бэлтгэн 1000 хүнд тараажээ.