Манай улсын нийт хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай аж. Үүнээсээ болоод цусны даралт ихсэх, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, зүрхний төрөлхийн гажиг, баруун ховдол томрох, халдварт өвчин, ханиад томуу, судасны архаг үрэвсэл, вирусийн гаралтай амьсгалын замын эмгэг тусах магадлал өндөр байдаг гэнэ. Учрыг тодруулахад, экваторын бүсээс дээш, доош 35 хэмд байрлаж буй орнуудын хүмүүс Д аминдэмийн дутагдалд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа байна. Харин манай орны хувьд энэ бүсээс хойш 40, 52 градуст оршдог тул нарны хэт ягаан туяагаар дамжуулан Д витамин шингээн авах боломж нь бага байдаг аж. Уг нь зургаагаас наймдугаар сарын дунд үе хүртэл хүний бие энэ витаминыг биедээ шингээж авах боломжтой. Харамсалтай нь манайхан үүнийг мэддэггүй, нарнаас Д-гээ авчихна гэж бодсоор хоол хүнсэндээ огт анхаарахгүй байгааг мэргэжлийн эмч хэллээ.
Хүний биед 30 нонн (25 (он) Д>30ng/ml) граммаас дээш Д аминдэм байвал дээрх олон өвчинд өртөхгүй, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх гэнэ. Тиймээс витамин Д-гийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, витамин нэмж уух шаардлагатайг эмч нар зөвлөв. Биед байх ёстой Д-гийн хэмжээгээ хэвийн байлгахын тулд хүн өдөрт 2000 нэгж Д аминдэм хэрэглэх шаардлагатай аж. Уг витамин нь гаднаас орж ирэх халдварыг устгадаг дархлааны эсийг идэвхжүүлдэг. Ингэснээр хүн өөрөө халдвараа устгадаг байна. Хүний биед нэн хэрэгтэй Д2, ДЗ витамин нь ургамлын болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг аж.